Ууган сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Жаргалант сумын 12 жилийн нэгдүгээр дунд сургуулийн өргөтгөлийн байр ашиглалтад орлоо.
Тус сургууль 90 жилийн түүхтэй ууган сургууль. Улсын төсвийн 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар С.Амарсайхан захиралтай “Улаан дөл” ХХК уг өргөтгөлийн барилгыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ хугацаанд царцаагдаж барилгын ажил жил орчим зогссон байсан юм.
Энэхүү өргөтгөл 440 хүүхдийн суудалтай, урлагийн заал, номын сан, цайны газар бүхий суралцах таатай орчин нөхцөл бүрдсэн бүхий шинэ байр юм.
Одоогоор нэгдүгээр дунд сургуульд нийт 1600 хүүхэд суралцдаг. Шинэ өргөтгөл ашиглалтад орсноор 2000 хүүхэд суралцах боломжтой. Нээлтийн үйл ажиллагаатай хамтатган нэгдүгээр 12 жилийн сургууль СЭЗДС-ийн харъяа лицей 10-р ангийг нээлээ.
А.Бямбасүрэн