Цаг хүндэрсэн үед оторлох нутгийг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:06:09

Энэ өвөл Өвөрхангай аймагт 15370 малчин өрхийн 4,5 сая мал өвөлжиж байна. Аймаг дундын отрын нутаг болох Чилэнгийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр 9,7 мянган мал өвөлжүүлж, хаваржуулахаар гэрээ байгуулсан боловч тус нутаг цас ихтэй байгаа тул малчин өрхүүд отроор яваагүй байгаа юм.

Тиймээс өөрийн аймгийн сум хооронд отор нүүдэл хийх бодлого барьж байгаа аж. Аймгийн ХХААГ-аас цаг хүндэрсэн үед адууг өвөлжүүлэх зорилгоор Төгрөг сумын  “Шаа хайрхан”, “Эрдэнийн дэвсэг”, “Хуцын уул”, Баянгол сумын “Шар сувгийн нуруу”, Сант сумын “Баян уул”, “Зодохын нуруу”, “Бургалтайн нуруу” гэх газруудын нөхцөл байдалтай танилцжээ.

Судалгаагаар Төгрөг сумын “Эрдэнийн дэвсэг”-т 1000 адуу, Сант сумын “Баян-Уул” гэх газарт 2000 адуу гаднаас өвөлжүүлэх, Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумын зарим нутгуудад бог мал өвөлжүүлэх боломжтой байгааг тогтоогоод байна.

Одоогоор аймаг дотроо бусад сумын нутагт 800 орчим өрхийн 300 мянга орчим толгой мал отроор өвөлжиж байгаа бол Төв аймгийн Хөх дэлийн отрын бүс нутагт 30 орчим малчин өрх өвөлжиж байна. Үүнд өөрийн аймгийн зэргэлдээх сумын нутагт өвөлжөө, хаваржааны байраа барьж, хэдийн суурьшчихсан айл өрхүүд хамаарч байгаа юм.

Б.Батчимэг

Related news