Хятадын Засгийн газрын мөнгөний бодлогоо зөөлрүүлэх бодлого үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-21 10:42:39

БЭЭЖИН. /TASS/. Ирэх онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац удааширна. Улс орны ДНБ-ий өсөлтийн хурдацыг тогтворжуулах зорилгоор Хятадын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны шинжээчид мөнгөний бодлогыг зөөлрүүлэх бодлогоо үргэлжлүүлэхийг Засгийн газартаа зөвлөжээ. Энэ тухай тус хорооны тайланд дурдсан байна.

Мөнгөний бодлогыг тогтворжуулахын тулд тус тайланг бэлтгэсэн шинжээчид гурван зөвлөмж өгчээ. Үүнд нэгдүгээрт, бодлогын хүүг болон заавал байх ёстой нөөцийн хэмжээг бууруулах бодлогыг үргэлжлүүлснээр, гадаад руу хөрөнгө хурдтайгаар гарч буй нөхцөлд зах зээл дээр хөрвөх чадварын боломжит түвшнийг хэвээр хадгалах боломж олгоно.  Мөнгөний зах зээлийн байдлыг харгалзан мөн экспортыг хэсэгчлэн эрчимжүүлэх зорилгоор юанийн бусад валюттай харьцах ханшийг бууруулах бодлогоо үргэлжлүүлэхийг зөвлөж байна” гэж дээрх тайланд дурдсаныг  “Зинзи жибао” сонинд нийтэлжээ.

Тус сонины нийтлэлд онцлон тэмдэглэж буйгаар, Хятадын зах зээлээс гарч буй хөрөнгийн урсгал нэмэгдсэн нь АНУ-ын төв банк тооцооны хүүгээ нэмэгдүүлсэнтэй холбоотой байна.

Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооны тайланд мөн хөрөнгийн зах зээлийг солонгоруулах нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ. Баримт бичигт дурдаж буйгаар, хоёрдугаарт, “санхүүгийн зах зээлийн системийг оновчтой болгох механизмыг үргэлжлүүлэн хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг тогтворжуулах бодлогоо үргэлжлүүлэх. Гуравдугаарт, хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлэхэд, шинэ арга хэрэгслийг болон стратегийн чухал байгууллагуудыг хөгжүүлэхэд тус дөхөм болохыг зөвлөжээ.

Хятадын эдийн засаг аажмаар удааширсаар байгаа юм. 2010 онд тус улсын ДНБ-ий өсөлтийн хурдац 10.4 хувь, 2011 онд 9.2 хувь байсан бол 2012 онд 7.8 хувьтай байв. 2013 оны сүүлээр уг үзүүлэлт 7.7 хувь хүрч удааширсан бол 2014 онд 7.4 хувь болжээ. Хятадын Засгийн газрын албан ёсны урьдчилсан таамгаар 2015 онд ДНБ-ий өсөлт 7 хувь байна.

Д.Жаргал

 

 

Related news