Хятадад ирэх сарын 1-нээс хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-22 11:16:14

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын гэр бүлүүдэд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж магадгүй тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

1970-аад оны сүүлээс хойш хэрэгжүүлж байгаа “нэг хүүхдийн бодлогыг” цуцлах шийдвэрийг 10 дугаар сарын сүүлээр Хятадын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хуралдааны дүнд гаргасан билээ. Энэ хурлаар 2016-2020 онд Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

Дээрх саналыг хууль тогтоогчдын түвшинд баталж, хүчин төгөлдөр болсны дараа л хоёр дахь хүүхдээ төрүүлж болно гэж Хятадын эрх баригчид хожим нь цохон тэмдэглэжээ.

Хятадын хууль тогтоогчид даваа гарагт эхэлсэн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны хурлаар одоо хэрэгжиж буй гэр бүл төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.

“Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж магадгүй” гэж Синьхуа агентлаг хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төслөөс иш татан мэдээлжээ.

Хүн амын өсөлтөд хяналт тавихын тулд Хятадын эрх баригчид “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг 1970-аад оны сүүлээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энд хотын оршин суугчдад нэг хүүхэдтэй, харин тосгоныхонд хэрэв эхний хүүхэд нь охин бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ бодлогын улмаас хүйсийн тэнцвэртэй байдал алдагдаж, хүн ам хөгшрөхөд хүргэсэн байна.

2014 оны сүүлийн байдлаар Хятадын хүн ам 1.37 тэрбум болжээ. Нийт хүн амын 51.2 хувь нь эрэгтэйчүүд бол 48.8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. 15.5 хувь орчим нь 60-аас дээш насны хүмүүс юм. Үүссэн асуудлыг шийдэхийн тулд тус улсын эрх баригчид 2013 онд бодлогоо зөөлрүүлэхээр шийдэж, эхнэр, нөхөр хоёрын нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ.

Хятадын эрх баригчдын урьдчилан тооцоолсноор, 90-100 сая орчим гэр бүл “хоёр хүүхдийн бодлогод” хамрагдах бөгөөд ингэснээр хүн амын тоо 2030 он гэхэд 1.45 тэрбум болж өсөх аж.

Д.Жаргал

 

Related news