АНУ-ын эрх баригчид хууль бус цагаачдыг албадан гаргахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-24 13:41:01

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид хууль бус цагаачдыг илрүүлж, Төв Америкийн орнууд голдуу эх оронд нь буцаах ажиллагааг удахгүй эхлүүлж магадгүй гэж “Washington Post” сонины цахим хувилбарт мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, 2014 оноос хойш “Америкийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн хэдэн зуун гэр бүлийг” албадан гаргах зорилготой ийм шалгалтуудыг тус улсын Үндэсний аюулгүй байдлын яам хэдийн төлөвлөж эхэлсэн байна. Энэ ажиллагаа нь “АНУ-аас гарах шаардлагыг цагаачлалын шүүхээс урьд нь авсан хүмүүс болон хүүхдүүдийг” илрүүлэхэд чиглэжээ. Гэхдээ тус улсын Үндэсний аюулгүй байдлын яамны удирдлагууд энэ ажиллагааг хараахан батлаагүй байгаа аж. Урьдчилсан төлөвлөгөөнөөс үзвэл, хууль зөрчигчдыг баривчлан саатуулж, тус улсаас нэн даруй албадан гаргана. “Албадан гаргах хүний тоо хэдэн зуу эсвэл түүнээс ч олон болж магадгүй” гэж “Washington Post” сонинд мэдээлжээ.

2014 оноос хойш АНУ-ын хилийг 100 мянга гаруй гэр бүл давсан байна. Хууль бус цагаачдын урсгал ийм их хэмжээгээр нэмэгдэх болсны шалтгаан нь Төв Америкийн орнуудад хүчирхийлэл газар авсантай холбоотой байна. Тухайлбал, Сальвадор улсад сүүлийн жилүүдэд хүн амины хэргийн гаралт эрс нэмэгджээ. Энэ байдлыг бүс нутаг дахь ган гачиг улам хүндрүүлж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Related news