Тодорхой бус төлөвлөсөн ажлуудыг дэмжихгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 13:15:05

УИХ-ын гишүүн, АҮ-ийн сайд Д.Эрдэнэбатын санаачилгаар “Сэлэнгэ аймгийн боловсрол, соёлын салбарын санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт” аймгийн анхдугаар зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод боллоо.

Аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд  энэ сарын 22-ны өдөр болсон уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, АҮ-ийн сайд Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо болон аймгийн боловсрол, соёлын салбарын удирдлагууд, БСГ-ын мэргэжилтнүүд, бүсийн төв сумд, Мандал, Ерөө, Цагааннуур, Сүхбаатар, Сайхан сумдын Засаг дарга нар, төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн, мөн ДЗМОУБ-ын Сэлэнгэ ОНХХ, Койка, Жайка, зэрэг ОУ-ын байгууллагын төлөөлөл, бизнесийн байгууллагын төлөөлөл урилгаар оролцсон. Зөвлөлгөөнөөр аймгийн боловсрол, соёлын салбарын санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар ярилцаж, багш, нар, соёлынхон, удирдлагууд тус тусдаа салбар хуралдаан хийж асуудлаа хэлэлцлээ. Сэлэнгэ аймгийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ дутагдалтай байгаа ч энэ оны байдлаар Мандал, Сүхбаатар сумдад шинээр сургууль, цэцэрлэгийн байр ашиглалтанд орсон. Цаашид хэд хэдэн сумдад баригдахаар барилгын ажил эхэлсэн ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зогсонги байдалд ороод байгаа билээ. Гэвч энэ оны аймгийн ИТХ-ын сүүлийн хуралдаанаар Сант, Сайхан, Хушаат зэрэг хэд хэдэн сумдын цэцэрлэгийн байр, сургуулийн өргөтгөл, урсгал засвар зэрэг ажилд хөрөнгө төсөвлөгдсөн байна. Зөвлөлгөөнд оролцсон УИХ-ын гишүүн, АҮ-ийн сайд Д.Эрдэнэбат “хийх ажлаа маш тодорхой болго. Яг юугаар, ямар компаниар яаж хийхээр төлөвлөсөн байдлаа нарийн эзэнтэй болго. Ингэсэн цагт АҮ-ийн яамнаас дэмжиж ажиллана. Тодорхой бус ойлгомжгүй төлөвлөсөн ажлууд байна. Ийм зүйл дээр дэмжинэ гэж хэлж чадахгүй” хэмээн хэллээ. 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news