“Талибан” бүлэглэлтэй энхийн хэлэлцээ хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. “Талибан” бүлэглэлтэй хийх энхийн хэлэлцээгээ Афганистаны Засгийн газар ирэх долоо хоногт эхлэхийг тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Хайрулла Азад мэдэгдэв.
“Афганистаны Засгийн газар, “Талибан” бүлэглэл хоорондын энхийн хэлэлцээг урагшлуулах төлөвлөгөө гаргахын тулд, Афганистан, Пакистан, АНУ, Хятадын албаны хүмүүсийн уулзалтыг 1 дүгээр сарын эхний өдрүүдэд хийх хэрэгтэй гэж шийдсэн” гэж "TOLOnews” телевизэд Азад хэлжээ.
Пакистаны Жанжин штабын тэргүүн Рахил Шарифын сүүлийн үед хийсэн айлчлалын үеэр уг шийдвэрийг гаргасан тухай хэвлэлийн төлөөлөгчийн орлогч мэдээлсэн байна. “Талибан” бүлэглэлийн фракцууд энхийн хэлэлцээнд оролцоход нээлттэй бөгөөд оролцоогүй фракцуудтай хамтарсан хүчээр тэмцэнэ гэдгийг тэрбээр нэмж хэлэв.
Афганистаны Засгийн газар болон бүс нутгийн босогчдын бүлэглэлүүдийн хийх энхийн хэлэлцээнд хувь нэмэр оруулах зорилгоор Шариф тус улсын эрх баригчидтай Кабул хотод уулзалт хийсэн билээ. Яриа хэлцээнд оролцоогүй “Талибан”-ы бүлэглэлүүдийг эсэргүүцэх хамтарсан ажиллагаа явуулах талаар уулзалтын үеэр талууд санал нийлсэн тухай хэвлэлд мэдээлжээ.
Х.Аминаа