Өнгөрсөн онд “Рио-2016” олимпийн 16 эрх авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-03 14:57:52

Энэ зун Бразил улсын Рио де Жанейро хотноо болох “Рио-2016” олимпийн болон паралимпийн наадамд хурд, хүч ур чадвараа сорих эрхийг аваад байгаа 16 тамирчны нэрийг Үндэсний шигшээ багийн албанаас өнгөрсөн сард зарласан.

Тухайлбал, чөлөөт бөхийн төрлөөр 6, буудлага 3, байт харваа, хөнгөн атлетикийн төрлөөс тус бүр 1 эрх авсан бол паралимпийн наадам оролцох эрхийг 6 тамирчин хүртэж Риог зорихоор бэлтгэлээ базааж байна. "РИО-2016" зуны олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын анхны эрхийг Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа 2015 оны 4 дүгээр сард буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны төрөлд түрүүлж авсан юм. Харин 2015 оны 11 дүгээр сард Тайланд улсад болсон байт харвааны паралимпийн эрх олгох тэмцээнээс “Хангарьд” спорт хорооны тамирчин А.Анхбаяр "Рио-2016"-г зорих 2015 оны сүүлийн 16 дахь эрх байв.

Монголын баг тамирчдын хувьд 2016 онд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээн Европ тивд энэ сараас эхлэх бөгөөд манай жүдочид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа Риог зорих боломж бий. Мөн чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлтийн баг тамирчид дөрөв, тавдугаар сараас олимпийн эрхийн төлөөх хариуцлагатай тэмцээнд оролцох юм.

Дашрамд дуулгахад, Зуны XXXI олимпийн наадам Рио де Жанейро хотноо наймдугаар сарын 05-21, харин 16 хоногийн дараа буюу есдүгээр сарын 7-18-ны өдөр тус хотноо XY паралимпийн наадам болно.

Д.Өлзий

Related news