Сэлэнгэ аймаг 2015 оны онцлох үйл явдлаа тодруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 13:11:46

Сэлэнгэ аймагт өрнөсөн 2015 оны онцлох үйл явдлуудаас . . .

Сэлэнгэ аймаг Монгол Улсын 2014 оны “Шилдэг аймаг"-аар шалгарсан явдал нь Сэлэнгэ сайхан нутгийн нийт хөдөлмөрч ард иргэд, Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт ажилтан албан хаагчид та бүхний хамтын хичээл зүтгэлийн үр дүн хэмээн аймгийн Засаг дарга С.Бүрэнбат онцлон тэмдэглэлээ. 

Сэлэнгэ аймаг, Буриад улсын удирдлагууд хил орчмын асуудлаар уулзалдлаа

Хил болон хил орчмын асуудлаар хоёр улсын хөрш аймгийн удирдлагууд удаа дараа уулзалдаж, үүсч байсан асуудлуудыг тухай бүрт нь түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж ирлээ.

Сэлэнгэ аймаг, Буриад улс хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа

Сэлэнгэ аймгийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга В.В.Наговицын тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт албан ёсны айлчлал хийлээ. Буриадын тэргүүний энэхүү айлчлалаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл түүнийг дагаж гарч байгаа дагалдах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг оросын зах зээлд гаргахыг Сэлэнгэ аймаг гол зорилгоо болгосон юм. Ийнхүү бүс нутгийн хөгжлийн төлөө хоёр тал хамтран ажиллах гэрээнд харилцан гарын үсэг зурсан.

Олон улсын стандартыг төрийн байгууллагад анх удаа нэвтрүүллээ

Сэлэнгэ аймаг Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг хэрэгжүүлж, гэрчилгээгээ авч баталгаажуулсан анхны аймаг боллоо.

"Шударга ёсны төлөө-2015" шагналын эзэд боллоо

Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарласан "Шударга ёсны төлөө-2015" уралдаанд тэргүүлж шагналын эзэд боллоо.

Сумдад мэдээлэлийг цаг алдалгүй шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүллээ

“Байгууллагын удирдлагын цогц систем” E-ofiice программыг аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс агентлагууд, сумдын ЗДТГ, тосгодын Захирагчийн албадад нэвтрүүллээ.

Паралимпийн наадмыг анх удаа аймагтаа зохион байгууллаа

Сэлэнгэ аймаг анх удаа орон нутагтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Паралимпийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, “Хүүхдийн спортын наадам”-ын Паралимпийн төрөлд оролцох тамирчдаа сонгон шалгарууллаа.

Аймгийн Нийгэмийн халамж үйлчилгээний хэлтэс шинэ байртай болов

Сэлэнгэ аймгийн НХҮХэлтэс аймгийнхаа ард иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй үзүүлэх, тэр тусмаа зорилтот бүлгийн иргэддээ хүрч үйлчлэх шинэ байраа хүлээн авлаа.

“Ногоон Сэлэнгэ-2015” хөдөлгөөн хоёр дахь жилдээ өрнөлөө

“Ногоон-Сэлэнгэ”, “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 17 сумын 1502 аж ахуйн нэгж хамрагдаж, нийтдээ энэ онд 38.2 мянган иргэн 135.2 мянган ширхэг мод бут, сөөг тарьж хамгаалалтад авч,  арчилгаа тордолтыг тогтмолжуулан ажиллалаа.

“Эв мод”-ны наадмыг уламжлалт ёсоороо зохион байгууллаа

Орос, Монгол Улсын эв найрамдлыг билэгдэн ОХУ-ын Буриад улс, Сэлэнгэ аймгийн хооронд зохион байгуулдаг уламжлалт “Эв модны наадам”-ыг ОХУ-ын Буриад Улсын Зэдийн аймагт зохион байгууллаа. Тус наадамд Монгол Улсын талаас өмнөх жилүүдэд зөвхөн Сэлэнгэ аймаг дангаараа оролцдог байсан бол энэ удаа  Дархан-Уул, Булган, Завхан аймгийн удирдлагууд, бизнесийн төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцлоо.

Дотоодын хэрэгцээг хангах ургамлын тосны үйлдвэр нээгдлээ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Тослог ургамлыг боловсруулан хоногт 100 тонн тослог ургамлын үр боловсруулах, үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат үйлдвэр нээгдлээ.

“Баялаг бүтээгчид”-ээ дэмжсэн ажлуудыг зохион байгууллаа

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас жижиг дунд бизнес эрхлэн амьдрал ахуйгаа өөд татаж, аймаг орон нутагтаа тус нэмрээ түгээн ажиллаж байгаа баялаг бүтээгч иргэдээ дэмжиж, бизнес эрхлэх таатай боломжийг нь бүрдүүлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, шинэ зах зээл олж өгөхөд бодлогоор дэмжин ажиллаж ирлээ. Энэ хүрээнд зун ОХУ-ын Зэдийн аймагт, намар Амарбаясгалант хийдэд мөн Архангай аймагт тус тус нэгтгэж, “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг тус бүр амжилттай зохион байгууллаа.

Хүүхэд багачуудыг цэрэг эх оронч хүмүүжилд дуудсан “Дөл” тоглолтыг зохион байгууллаа

Олон жил завсарласан цэрэг спортын цогцолбор “Дөл” тэмцээнийг аймгийн хэмжээнд анх удаа зохион байгууллаа. Мөн “Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний иж бүрэн  сургууль”-ийг аймагтаа амжилттай зохион байгуулж “А” үнэлгээ авлаа.

Гурван сая дахь иргэн байраа хүлээж авлаа

Монгол Улсын 3 сая дахь иргэн Мандал сумын харъяат Гантогтохын Хангарьд хүүд Сэлэнгэ аймаг 3 өрөө байр өглөө.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news