Өвс тэжээлээ эртнээс захиалж авахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 14:25:42

Сэлэнгэ аймгийн Засаг даргын шинэ оны ажлын гараа малчдын ахуй амьдрал, болоод өвөлжилт ямар байгаатай танилцах үйл ажиллагаанаас эхэллээ.

Шинэ оны шинэ долоо хоногийн ажлын анхны гараа малчдын хотноос эхэллээ. “Монголыг гадаадад, гадаадыг Монголд” уриатай хамгийн том үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ агентлагийн Сэлэнгэ аймаг дахь сурвалжлагч миний бие аймгийн Засаг даргын ажлын албанд орж хөдөөд ажиллах аяны жолоогоо Цагааннуур сумын Тийрэг 2-р багаас эхэллээ. Малчдын “зүгээс энэ жилийн хувьд Сэлэнгэ аймаг цас ихтэй байгаа ч одоогоор малын бэлчээрлэлтэнд хүндэрсэн зүйл огт гараагүй, тайван, өвөлжилт өнтэй байна” хэмээн аймгийн даргатай хуучилж байв. Өвс ногоо оройтож ургасан дээр нь эрт хатаж борогшсон болохоор  малд идэш болоод байх өвс муутай байгааг ч онцолж байлаа. Малчдын хувьд малын идэш тэжээл, өвсөө гайгүй сайн нөөцөлж авсан гэнэ.

Харин хавартаа цас их орж, шуурах юм бол цас хатуурч, малын бэлчээрлэлтэнд хүндэрч болзошгүй байгааг аймгийн даргад анхааруулан ярьж байлаа. Малчид өвөлжөөндөө худагтай болгож өгөх, мөн малчдын тэтгэврийн насыг наашлуулах өгөх, хавартаа хүчит тэжээл дутагдаж болох магадлал өндөр байгаа зэрэг тулгамдсан асуудлууд байгааг хөндлөө. Аймгийн удирдлага худаг усны асуудлыг шийдвэрлэж өгөх, өвс тэжээлийн захиалгаа сумынхаа холбогдох албан тушаалтнаар дамжуулан өгч болно гэсэн хариултыг өгсөн. Харин тэтгэврийн насны асуудлаар малчдынхаа хүсэлтийг УИХ, Засгийн газарт гишүүдээрээ дамжуулан явуулсан тодорхой шийдвэр гарах байхаа гэдгээ ч хэлсэн. Аймгийн тэргүүн энэ удаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг баг, Жавхлант сум, мөн Шаамар сумын Дулаанхаан тосгоны Давхар зээрэнд өвөлжиж буй төвөөсөө алслагдсан зарим малчдын өвөлжөөнд буудаллаж, өвөлжилт болоод ахуй байдалтай нь танилцсан юм.

Аймгийн даргын багт аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Отгонжаргал, ХЗХ-ийн дарга Д.Ёндонжамц, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон. Цаашид хаваржилт хүндрэхээс сэргийлэхийн тулд малчдын зүгээс бэлчээрээ хуваарилах, дутагдах өвс тэжээлээ захиалж бэлтгэх зэрэг асуудлыг анхааралдаа авахыг аймгийн дарга зөвлөсөн. Малчдын хотноос хийсэн сурвалжлагаа дараагийн хуудсуудаар хүргэх болно.

 Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news