Сирийн хотуудад тусламж хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-12 09:55:43

ДАМАСК. /ВВС/. Бүслэлтэд байгаа Сирийн Мадая хотод тусламж, тухайлбал, амин чухал хүнс болон эм тариаг хүргэсэн байна.

Засгийн газрын бүслэлтийн улмаас зургаан сар хөл хорионд орж, өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш тусламж аваагүй байгаа тус хотын 40 мянга орчим иргэнд уг тусламжийг тараана.

Хүмүүс өлсөж үхэж байна гэсэн баттай мэдээлэл хүлээн авсан гэж НҮБ мэдэгдэв.

Үүнээс гадна, мөргөлдөөнд оролцогч талууд хоорондын байгуулсан гэрээний хүрээнд Сирийн хойд нутгийн Идлиб мужийн хоёр тосгон руу тусламжийн цувааг оруулсан байна. Тус хоёр тосгон босогчдын бүслэлтэд байгаа аж.

Мөн Фоах болон Кефрая тосгоны байдал маш хүнд байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сараас хойш тус хоёр тосгонд 20 мянга орчим хүн барьцаалагдсан байна.

Д.Нямтулга

 

Related news