Буркино-Фасод террористууд зочид буудалд халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-16 11:26:39

РАБАТ. /TASS/. Баасан гарагийн орой зэвсэглэсэн этгээдүүд Буркино-Фасо улсын нийслэл Уагадагу хотын төвд оршдог “Splendid” зочид буудалд халдаж, хүмүүсийг барьцаалжээ. Хотын цагдаагийн газрын мэдээлж буйгаар, халдлага болох үеэр зочид буудлын орчимд хэд хэдэн дэлбэрэлт, буудалцаан болсон байна.

Ирж буй мэдээллээс үзвэл, уг зочид буудалд НҮБ-ын ажилтнууд амьдардаг байж магадгүй бөгөөд гадаадууд ихэвчлэн буудалдаг аж. Террористууд хэдэн хүн барьцаалсан болон хүний амь эрсэдсэн тухай одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Уагадугу хотын төвд болсон халдлагын хариуцлагыг “Лалын шашинт Магрибын орнууд дахь Аль-Каида бүлэглэл” хүлээжээ.

Буркино-Фасогийн цэрэг, цагдаа нар дайралтаа эхэлж, зочид буудлыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн байна. Зарим мэдээллээр, зочид буудалд зэвсэглэсэн гурван этгээд байж магадгүй. Буркино-Фасогийн Гадаад хэргийн яамны тэргүүн Альфа Барригийн мэдэгдсэнээр, террористууд “янз бүрийн орны маш олон хүнийг” барьцаалжээ. Зочид буудалд лалын шашинтнууд хүмүүсийг барьцаалсан гэж Альфа Барри үзэж байна. Нийслэл хотод халдлага болохоос өмнө хил орчмын бүсэд террористууд үүнтэй адил халдлага үйлдсэнийг тэрбээр дурджээ. “Мали болон Нигер улстай хил залгаа хойд нутагт халдлага үйлдэж, хоёр хүн амиа алдсан. Энд зохион байгуулалттай террорист ажиллагаа эсэх тухай яригдаж байна. Одоогоор тодорхойгүй байгаа боловч террористуудын үйлдэл маш адилхан байна” гэж тэрбээр хэлжээ.

Д.Жаргал

 

Related news