Их хэмжээний зээл авах хүсэлтийг Монгол Улс дахин тавьж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-20 10:04:11

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргээ Монгол Улс зохицуулсны дараа рублиэр их хэмжээний зээл авах тухай асуудал дахин сэргэж магадгүй гэж тус улсын Сангийн дэд сайд Сергей Сторчак мэдэгджээ.

Мягмар гарагт болсон Улсын Думын санхүүгийн зах зээлийн хорооны хуралдааны үеэр Монгол Улсын ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг батлах тухай зөвлөмжийг парламентын доод танхимд хүргүүлэх шийдвэр гаргасан байна. Уг баримт бичигт 2010 оны 12 дугаар сарын 14-нд Москва хотод гарын үсэг зуржээ.

“Мэдээж энэ сэдвийг зохицуулсны дараа Монгол Улс эртнээс хүсэж буй асуудлаа тавина. Энэ бол рублиэр их хэмжээний санхүүгийн зээл авах тухай. Хэрэв  шийдээгүй асуудал байгаа гэж бид саяхан ярьж байсан бол одоо хэлэлцээ хийхээс аргагүй болж байна” гэж Сторчак дээрх хорооны хуралдааны үеэр хэлсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр даваа гарагт ярихдаа, төсвийн хязгаарлалтын хүрээнд ОХУ гадаадын зээлдэгчдэд шинээр зээл олгоход энэ жил завсарлага авсан, гэхдээ урьд нь хүлээсэн бүх үүргээ биелүүлнэ гэжээ.

Монголын хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг батлах төслийг Оросын Засгийн газар 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр Улсын Думд өргөн барьжээ. Тайлбар баримт бичигт тэмдэглэснээр, 2010 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар тус улсын ОХУ-д төлөх ёстой нийт өрийн хэмжээ 174.2 сая доллартой тэнцэж байгаа бөгөөд бүх өрийг барагдуулах хугацаа дууссан байна.

ОХУ болон Монгол 2010 оны 12 дугаар сард Монголын өрийн 97.8 хувийг цайруулахаар тохиролцсон билээ. ОХУ Монголд 125 сая долларын зээлийг шинээр олгох боломжтой гэж тухайн үеийн Сангийн сайд Алексей Кудрин ярьж байжээ.

Д.Жаргал

 

 

Related news