“Аялгуулан хэлэгч биет бус өв” тээгчдийг нээн илрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонгол исгэрээ, хулсан хуур, ерөөл, магтаалыг Дундговь аймгийн брэнд болгон хөгжүүлэх зорилгоор “Аялгуулан хэлэгч биет бус өв” хэмээх урлагийн бага наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулна. Ирэх дөрөвдүгээр сард товлоод байгаа энэхүү бага наадмыг МУСТА, туульч, ерөөлч Х. Цэрэнчимэдийн нэрэмжит болгох юм.
Туульч, ерөөлч Х.Цэрэнчимэд төрөлх Дундговь аймгийнхаа өсвөр хойч үеийнхэнд өөрийн өвлөн тээж, хөгжүүлж ирсэн монгол исгэрээ, хулсан хуур, ерөөл магтаал, туулийг өвлүүлэн үлдээх зорилгоор “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дэргэд язгуур урлагийн дугуйлан хичээллүүлдэг.
Тэрээр ялангуяа исгэрээ, хулсан хуурыг Дундговь аймгийнхны өвлөн тээж явах биет бус өв болгон хөгжүүлж, улмаар ЮНЕСКО- гийн соёлын өвд бүртгүүлэх хүсэлтэй явдаг гэлээ. Үүний тулд “Адуучин баян Доной” төрийн бус байгууллага байгуулж, исгэрээ, хулсан хуурыг ЮНЕСКО- гийн соёлын өвд бүртгүүлэх хүсэлтээ холбогдох байгууллагад уламжилснаар судалгаа, материалаа бүрдүүл гэдэг хариу авсан байна.
Энэ дагуу соёлын асуудал эрхэлдэг төрийн байгууллагатай хамтран судалгаа хийж эхэлсэн ч цаг хугацаа сунжиран удааширч буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Гэхдээ “Аялгуулан хэлэгч биет бус өв” бага наадмыг зохион байгуулахаар аймгийн Засгийн даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нь исгэрээчдийг нээн илрүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ажээ.
Т. Отгонтуяа