Өмнөд Судан нэгдсэн Засгийн газар байгуулж чадсангүй

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-24 10:20:16

ЖУБА. /NHK/. Өмнөд Суданы Засгийн газрын хүчин болон босогчид тогтоосон хугацаанд нэгдсэн Засгийн газар байгуулж чадаагүй бөгөөд талууд хоорондын мөргөлдөөн дуусах төлөвгүй байна.

Ерөнхийлөгч Салва Кир тэргүүтэй Засгийн газрын цэргүүд болон дэд Ерөнхийлөгч асан Рик Мачардад үнэнч босогчдын арми өнгөрсөн наймдугаар сард гал зогсоох гэрээ байгуулсан хэдий ч тэдний мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Үндэсний нэгдсэн Засгийн газар байгуулах эцсийн хугацаа өнгөрсөн баасан гарагт дуусчээ. Ерөнхийлөгч Салва Кир шинэ мужууд байгуулж, захирагчдыг сонгосны улмаас босогчид гэрээг цуцалжээ.

НҮБ-ын мэдээлснээр, Өмнөд Суданы мөргөлдөөний улмаас тус улсад хэдэн мянган хүн амиа алдаж, 2.4 сая хүн орон гэргүй болсон байна.

Д.Нямтулга

Related news