Сэлэнгэ аймаг гурван чиглэлээр хөршүүдтэйгээ хамтран ажиллах боломжтой гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 20:44:34

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат БНХАУ-д болсон ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн гурван улсын хоорондын “Цайны замын асуудлаарх” уулзалтанд оролцоод ирлээ. Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн хувьд 1.Эрчимжсэн аж ахуй дээр хамтарч ажиллах тухай, 2.Мэдлэгийн эдийн засгийг Сэлэнгийнхээ хөрсөнд суулгах, 3.Аялал жуулчлал гэсэн үндсэн гурван чиглэлд төвлөрч хамтран ажиллахаар ярилцаж, тохирсон байна.

Хамгийн гол нь хоёр том хөрштэй хамтарч ажиллахад бидний Монголчуудын хувьд нэгдмэл ойлголттой байж, хөгжлийн үзэл баримтлал гэдэг зүйлийг маш сайн хийгээд түүндээ итгэл үнэмшилтэй явах хэрэгтэй юм байна гэдгийг бодож суулаа хэмээн аймгийн дарга онцлон хэллээ.

Тэрээр уг арга хэмжээнд 4 дэх удаагаа оролцож байгаа аж. Хятадын зүгээс энэхүү арга хэмжээг “Түмэн газрын цайны зам” хэмээн томьёолж байгаа бөгөөд Хятадын урд мужаас эхлээд Бээжингээр дамжаад Монгол Улсын Замын-Үүдээр орж, манай нутгийг хөндлөн чиглэлээр явж, Сэлэнгэ аймгаар дамжаад Санктпетрбург хүрэх хурдны зам юм. Уг арга хэмжээнд гурван улсын эрх бүхий хүмүүс уулзан санал бодлоо солилцож, гарын үсэг зуржээ.

Энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ аймгаас гадна, Дархан-Уул, Төв, Ховд аймгууд, мөн нийслэл хотоос төлөөлөгчид, Хятад улсад суугаа Монгол Улсын элчин сайд монголоо төлөөлөн оролцсон байна.

Цайны замын тухайд Сэлэнгэ аймгийн хувьд нэгдүгээрт газар зүйн байрлалын хувьд ач холбогдолтой, хоёрдугаарт энэхүү олон улсын худалдаа, тээвэр зуучлал нь ирээдүйн орлогын эх үүсвэр болох учраас Сэлэнгийн удирдлагын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаа юм. Иймээс энэ талыг үндэслээд хамтарч ажиллах саналыг хөрш хоёр улсын зүгээс Сэлэнгэ аймгийн удирдлагад тавьж, мэдээлэл хийх хүсэлтийг ирүүлсэн байна. Иймээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга уг арга хэмжээнд оролцож, аймгийн зүгээс Монгол Улсын эдийн засагт үзүүлдэг нөлөө, үндсэн хэв шинжийн талаар мэдээлэл хийжээ. Аймгийн дарга хэлэхдээ “Сэлэнгэчүүдийн хувьд Орос, Монголын хоорондох босоо тэнхлэгийн зам дээр байгаа нөхцлөө ашиглаад дахин боловсуулах үйлдвэрүүдийг байгуулж болж байна. Бидэнд Орос, Хятадын том зах зээл хэрэгтэй. Бид эрчимжсэн аж ахуйгаасаа гарч байгаа түүхий эдээ дахин боловсруулаад, нэмүү өртөг шингээгээд илүү үнэд хүрдэг зах зээл рүү гаргах хэрэгтэй. Бидэнд газар нь байна, эдийн засгийн эрх зүйн маш таатай орчин байна. Харин бидэнд хуримтлуулсан мөнгө алга. Иймээс тэдэнтэй хамтран хөрөнгө оруулалтаа хуваан оруулаад, тэдний технологийг ашиглан өөртөө байгаа бүтээгдэхүүндээ түшиглээд хамтдаа хөгжих боломж байна” хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news