Хүүхдээ 6 наснаас сургуульд элсүүлэх боломжгүй малчны хүсэлтийг сургуулийн захирал санал гарган шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-27 16:40:10

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын дэд хэсгээс гаргасан 8 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

Тухайлбал “Цэцэрлэг, ЕБС, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батлах”, “Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ЕБС-ийн сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамарч буй нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ” гэж найруулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.

Мөн ажлын хэсгээс “зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах, шийдүүлэх” гэсэн санал гарсныг дэмжив. Учир нь 6 наснаас сургуульд элсүүлэхэд хөдөө орон нутгийн алслагдсан сумдын иргэдэд хүндрэлтэй, дотуур байр дутагддаг зэрэг асуудал гардаг. Статистик мэдээллээр 2015-2016 оны хичээлийн жилд нийтдээ нэгдүгээр ангид 10 мянга гаруй сурагч суралцаж байгаа аж. Энэ 10 мянган суралцагчдаас 345 нь 5 наснаас сургуульд элсэж байгаа бол 8664 хүүхэд 6 наснаас, 941 нь 7 наснаас, 85 нь 8 наснаас сургуульд элсэж байгаа гэсэн дүн байна. Иймд сургуулийн зөвлөлд зохих хэмжээний сонголт хийх, тэгэхдээ эцэг, эхийн зайлшгүй нөхцөл байдлыг харгалзаж шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн эрх үүргийг тус Үндэсний зөвлөл байгуулагдах хүртэл буюу 2017.01.01-ийг хүртэл Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлөөр түр гүйцэтгүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.

Үүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг гаргаж дэмжив. Мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг баталлаа. 

Н.Туяа

Related news