Дэд хорооны нэрийг өөрчлөхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-28 15:05:15

УИХ-ын Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны нэрийг “Тогтвортой хөгжлийн дэд хороо” болгож өөрчлөх асуудлыг өнөөдөр УИХ-аар хэлэлцэн дэмжлээ.

Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг хариуцан ажилладаг. Харин 2005 онд баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн хугацаа 2015 онд дуусгавар болсон учир нэрийг нь өөрчлөх шаардлага гарсан аж.

Тиймээс 2015 оны есдүгээр сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулга уулзалтаар 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болон “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хөтөлбөр баталсаныг үндэслэн тус дэд хороог Тогтюортой хөгжлийн дэд хороо болгож нэрийг нь өөрчилж байгаа юм байна.   

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй бөгөөд санал хураалт явуулахад энэ асуудлыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 77 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Н.Туяа

Related news