Сайхан-Овоо сум өрхүүдээ аравтын зохион байгуулалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-29 15:40:05

Дундговь аймгийн Сайхан-Овоо сум айл өрхүүдээ аравтын зохион байгуулалтад оруулснаар аливаа мэдээ мэдээллийг шуурхай хүргэж, бодлого шийдвэр гаргах түвшинд иргэдийнхээ санаа бодлыг өргөн хүрээтэй авч чаддаг болжээ.

Нэг аравтад 12 өрх багтдаг байна. Аравт бүр ахлагчтай. Багийн Засаг дарга нар аравтын ахлагчид мэдээлэл өгч, тэд өөрийн хариуцсан айл өрхүүддээ мэдээллийг дамжуулдаг байна.

Энэ тухайд Мааньт багийн Засаг дарга П.Энхсайхан хэлэхдээ, манай баг 53 өрхтэй. Өрхүүдээрээ орохын тулд 4-5 хоног, 30-40 литр шатахуун зарцуулдаг байсан бол чухал шаардлагатайгаас бусад тохиолдолд мэдээллийг аравтын дарга нараар дамжуулан хүргэдэг болсон гэлээ.

Зөвхөн мэдээлэл солилцоход ахиц гарсан төдийгүй иргэдийн нийгмийн идэвхи сайжирсан нь сайн үр дүн болж, багийн хурлын ирц дээшилж, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо нэмэгджээ.

Аравтын дарга нарын ажлыг жилийн эцэст дүгнэж урамшуулдаг байна. Мөн аравтуудын дунд уралдаан тэмцээн гэх мэт иргэдийнхээ идэвхи, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг болжээ.

Т. Отгонтуяа

Related news