Дарви-Алтайн зам хот хооронд зорчигчдыг илүү ойртуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 17:31:33

Ховд аймгийн нутгуудаар замын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, хар замтай холбогдоогүй сум бараг үгүй гэж хэлж болохоор байна.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн дагуу Дарви-Алтай чиглэлийн замыг БНХАУ-ын ЛЗ зам гүүр ХХК төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байна. Монгол ЛЗ зам гүүр ХХК тус сумын нутаг дэвсгэрт нийт 98 км замын ажлыг гүйцэтгээд  байна.

Тус компанитай зөвшилцөн Ховд аймгийн Дарви сум төвдөө 2,5 км хатуу хучилттай зам тавихаар төлөвлөөд байна.

Замын гүйцэтгэгч компанид бутлуурын үйлдвэр, зуурмаг, хар тосны үйлдвэр, хоолойн үйлдвэр байгуулах газруудыг сумын даамал, засаг дарга байгаль хамгаалагч нартай хамтран газрыг  нь зааж өгсний дагуу  хяналт тавин ажиллаж байна.

Дарви сумынхан өөрийн сумаа Улаанбаатар хот руу зорчигчдын үүд хаалга гэж үздэг. Тус чиглэлийн зам ашиглалтад орвол Ховд, Улаанбаатарын хоорондох зай илүү ойртож, цаг хугацаа ч хэмнэгдэх болно.

А.Бямбасүрэн

 

Related news