Малчид цөөн нүүдэг болсон нь бэлчээрийг доройтолд оруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 10:39:00

 Булган аймгийн улс аймгийн сайн малчдын зөвлөлгөөн боллоо.

Зөвлөлгөөнийг нээж аймгийн Орлогч дарга Д.Чимгээ хэлсэн үгэндээ “Булган аймгийн малын тоо толгой 3,2 саяд хүрсэн нь бахархам амжилт бөгөөд та бүхний энэ нөр их хөдөлмөр, ажлын туршлага санаачилгыг түмэн олонд түгээн дэлгэрүүлэхийг зорисон билээ” хэмээсэн бол  Булган аймгийн ХХААГ–ын дарга Ч.Амгалан “Ашиг шимт малын үнэ цэнийг мэдэрч хөдөө хөхөрч, гадаа гандаж байгаа малчдаа төр мартах учиргүй, та бүхний шаргуу хөдөлмөрөөр мал аж ахуй, баялаг бүтээгдэж байгаа”  хэмээн онцлоод хэлсэн үгийхээ төгсгөлд малын тоо толгойд зохих хэмжээгээр анхаарах нь зөв зүйтэй ч бэлчээрийн даац гэдэг асуудал хурцаар тавигдаж байгаа тул малын чанарт  хамтаараа анхааран ажиллая гэдгийг уриаллаа. Мөн улсын сайн малчид залуу малчиддаа хандан өөрсдийн санаж бодож явдаг зүйл, заавар зөвлөгөө өглөө.

Тэд “Дээхэн үед бид жилдээ доод тал нь 8 нүүдэг байсан, гэтэл одоо малчид жилдээ маш цөөхөн нүүдэг болсон нь бэлчээрийн доройтолд оруулах боллоо, өөрсдөө өвс хадлангаа бэлдэхгүй, төр засагт найдан цасны биш залхуугийн зуданд нэрвэгддэг малчид одоо ч байсаар байгаа, мөн тоон дээр биш чанарыг сайжруулах тал дээр төр засаг, төсөл хөтөлбөртэй хамтран анхаарах болсон зэрэг санаа оноо, заавар зөвлөгөөг хэлж байлаа.

Энэ үеэр аймгийн сайн малчин цол тэмдгээр 50 малчныг шагнаж, зөвлөгөөнд хүрэлцэн ирэгсдэд батламж гардууллаа. Дашрамд дурдахад зөвлөгөөнд ирсэн малчдын хамгийн өндөр настай нь 82 настай ахмад буурал бол залуу нь 34 настай малчин байна.

Тус зөвлөлгөөнд 16 сум, 1 тосгоны 191 малчин, сумдын засаг дарга, мал аж ахуйн холбогдох мэргэжилтнүүд  оролцлоо. Эдгээр малчид дотор Монгол Улсын хөдөлмөрийн баатар 1, гавьяат малчин 1, гавьяат нэгдэлчин 1, улсын аварга малчин 12, улсын сайн малчин 29, аймгийн аварга малчин 8, аймгийн сайн малчин 137, эмэгтэй малчин 28 оролцлоо. 

                                                                                                                                           П.Батням   

 

Related news