Умард Солонгос хиймэл дагуул хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-03 09:47:51

ПХЕНЬЯН. /NHK/. Энэ сарын 8-25-нд хиймэл дагуул хөөргөнө гэж Умард Солонгос олон улсын байгууллагуудад мэдэгджээ. Умард Солонгос пуужин харвахад бэлтгэж байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсанд Япон болон бусад орон түгшиж байна.

“Дэлхийг ажиглах хиймэл дагуул” хөөргөх гэж байгаа тухайгаа Умард Солонгос мягмар гарагт мэдэгдсэн гэж Олон улсын далайн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Тус байгууллага нь хөлөг онгоцны навигацийн аюулгүй байдлыг хангадаг ажээ.

“Хиймэл дагуулыг хөөргөх ажиллагаа орон нутгийн цагаар өглөөний 07:00 болон 12:00-д болно. Мөн хиймэл дагуул тээгч пуужингийн эхний угсраа Өмнөд Солонгосын баруун эргээс холгүй Шар тэнгист унах төлөвтэй байна. Хиймэл дагуулын хамгаалалт Өмнөд Солонгосын Чежу арлын баруун өмнөд хэсгийн тэнгист унана. Харин пуужингийн хоёр дахь угсраа Филиппиний Лусон арлаас холгүй Номхон далайд унах төлөвтэй байна” гэж Умард Солонгос Олон улсын далайн байгууллагад мэдэгджээ.

Хиймэл дагуулыг хөөргөхөөр товлосон үед дээр дурдсан усаар зорчихгүй байхыг Олон улсын далайн байгууллага хөлөг онгоцуудад уриалжээ. Мөн энэ илгээлтийг холбогдох Засгийн газрууд руу дамжуулна гэж тус байгууллага мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Related news