Дотоодын цэргийн тухай хуулийг ээлжит бус чуулган руу шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-03 12:03:25

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн З.Энхболдын гаргасан саналын хүрээнд ээлжит бус чуулган руу шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Өмнөх Засгийн газар дотоодын цэргийг татан буулгаж, зардлыг нь цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Улаанбаатар хотод байгуулсан шинэ хэлтсүүд чинь дотоодын цэргийн зардлаар боссон юм шүү.  Энэ хуулиар бол Улаанбаатар хотод нэмэгдэж байгуулсан цагдаагийн хэлтсүүд чинь татан буугдах нь” гээд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн З.Энхболд хэлэхдээ, “Цагаан сарын өмнө маргаантай асуудал хэлэлцээд хэрэггүй. Ээлжит бус чуулган руу шилжүүлье. Тэр хооронд АН бүлэг дотроо хуралдаад шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэсэн юм. Уг саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэнээр асуудал ийн хойшлов.

Дотоодын цэргийн тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болж, гүйцэтгэж байсан чиг үүргийг Цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Энэхүү хуулийн төслөөр Дотоодын цэргийг дахин байгуулж, улсын онц чухал обьектын хамгаалалтад гаргах болон бусад шаардлагатай үед ажиллагааг гүйцэтгүүлэхээр тусгаад байгаа юм.

Б.Туул

 

Related news