Ч.Отгонбаатар АССХ-ны ГЗ-ийн гишүүнээр сонгогдов
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар Азийн спортын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.
Катарын нийслэл Доха хотноо АССХ /AIPS/-ны 79 дэх удаагийн конгресс энэ сарын 7-10 болж тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахад ийнхүү Монгол Улсын спортын сэтгүүлч Ч.Отгонбаатар сонгогджээ.
Энэ хурлын дараа Азийн Спортын Сэтгүүлчдийн Холбоо (AIPS-ASIA)-гийн 18-р их хурал Бахрейны Манама хотноо болжээ. Тус хурал АССХ-ны Ерөнхийлөгч болоод Гүйцэтгэх хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгох өндөр ач холбогдолтой хурал байв. Хуралд 33 гишүүн холбоодоос 28 орны төлөөлөл оролцсон бөгөөд AIPS-ын Ерөнхийлөгч Жанни Мерло, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Эвелин Ватта нар хүрэлцэн иржээ. Хурлаас АССХ-ны шинэ Ерөнхийлөгчөөр Бахрейны иргэн Мохаммед Кассимыг сонголоо. Азийн "спортын дуучид"-ын шинэ "босс" Мохаммед Кассим өмнө нь Бахрейны спортын сэтгүүлчдийн Холбоог тэргүүлж байжээ. Тэрбээр ийнхүү Кувейтын Файсал Аль Канайгийн ажлыг үргэлжлүүлэх болсон бол, харин ирэх 4 жилийн хугацаанд AIPS-ASIA-гийн "генсек"-ээр Пакистан эр Амжад Малик ажиллахаар болов. Монголын Спортын ертөнцийнхний хувьд нэгэн таатай мэдээ арлын Бахрейны нийслэл Манамагаас ирсэн нь AIPS-ASIA-гийн гүйцэтгэх хороонд ахин Монгол хүн сонгогдсон тухай байлаа. Конгрессын гишүүдийн санал хураалтаар Азийн Спортын Сэтгүүлчдийн ирэх 4 жилийн үйл хэргийг удирдан чиглүүлэх үүрэг бүхий "exco member"-үүдийг сонгоход МССХ-ны Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар буюу "САТО" тивийнхээ төлөөллүүдээс олонхийн дэмжлэг хүлээн гүйцэтгэх хороонд сонгогджээ. Түүнээс гадна БНСУ, Япон, Казахстан, Макао, АНЭУ, Кувейт, Палестины төлөөллүүд гүйцэтгэх хорооны гишүүний 8-хан суудлаас өөрийн болгожээ.
Спортын хүрээнийхний дунд "САТО" хэмээх нэрээр танил болсон Ч.Отгонбаатар өмнө нь 2006-2010 онд МССХ-ны Дэд ерөнхийлөгч байхдаа тус сонгуульт албыг хашиж байсан юм. Мөн өмнө нь МССХ-ны хүндэт ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан Азийн Спортын Сэтгүүлчдийн дээд байгууллагын удирдах албыг хашиж байв.
Д.Өлзий