Болор цомын эзэн Ц.Эрдэнэбаатар төрөлх сургуульдаа зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГГал бичин жилийн шинийн наймны билигт сайн өдөр Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн төгсөгч “Болор цом-33” наадмын эзэн Ц.Эрдэнэбаатарыг төрөлх сургууль, багш, хамт олон нь хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээнд сургуулийн үүсгэн байгуулагч МУСГЗ доктор, профессор Ш.Цэнд-Аюуш, Ардын уран зохиолч, ур чадварын багш Ш.Дулмаа болон үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцож баяр хүргэж амжилт хүсэв. Сургуулийн захирал доктор, профессор Ц.Нацагдолгор “Билиг ухаан, авьяасын онгодоороо онцгойрон, амжилтын алтан хуудас нэмж төрөлх сургууль, багш хамт олноо баярлуулсан”-д талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулав. Мөн “Болор цом-33” наадамд амжилттай оролцсон төгсөгчид болон МУСГЗ доктор, профессор Ш.Цэнд-Аюуш, Ардын уран зохиолч Ш.Дулмаа нарт сургуулийн захиргаанаас алд цэнхэр хадаг барьж мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Уулзалтын үеэр сургуулийн төгсөгчдийн холбооны удирдах шинэ бүтэц зохион байгуулалтын асуудал, их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн 110 жилийн ойг угтан хийх талаар хамтран ажиллах санал бодлоо хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Ж.Болор