“Apple”-ийн маргааныг Конгрессоор хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-20 11:17:42

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бернардино хотод үйлдсэн халдлагыг зохион байгуулагчдын нэгийнх нь гар утасны мэдээлэлд нэвтрэх асуудлаар “Apple” компани болон Холбооны тагнан мөрдөх товчооны /ХТМТ/ хооронд дэгдсэн маргааны учир шалтгааныг Конгрессоор хэлэлцэхээр болжээ. Конгрессын гишүүдийн захидлыг Төлөөлөгчдийн танхимын Эрчим хүч, худалдааны асуудал эрхэлсэн хорооны цахим хуудсанд нийтэлсэн байна.

Тус хорооны гишүүд “хувийн мэдээлэл болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой сэдвийг хөндөж байгаа энэ үед нууцлалтай холбоотой асуудлыг хэлэлцэх зорилгоор” “Apple” компанийн тэргүүн Ким Кук, ХТМТ-ны дарга Жеймс Коми нарыг урьжээ.

Тэд “асуудлын гол нь яг юунд байгааг, мөн талууд цаашид ямар алхам хийх бодолтой байгаагаа Америкийн оршин суугчдад  тайлбарлана” гэдэгт Конгрессын гишүүд найдаж байгаа аж. Хэлэлцүүлгийг хэдийд хийхийг хараахан товлоогүй байгаа боловч удахгүй болно хэмээн гишүүд найдаж байна.

Сан-Бернардино хотод халдлага үйлдсэн террористуудын гар утас блоклогдсон учир дотор нь байгаа мэдээллийг авч чадахгүй байна гэж Жеймс Коми урьд нь Конгресст мэдээлэл хийхдээ мэдэгджээ.

ХТМТ-нд туслахыг шүүх энэ долоо хоногт “Apple” компанид үүрэг болгосон боловч “хэрэглэгчдийн аюулгүй байдалд аюул учруулж байгаа учраас” үүнийг хийхгүй гэж тус компани мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

Related news