Уулын толгойд будан сууж, мөс зайрмагтан,  шувууд буцах үед шүлгээ бичдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 12:42:20

Утга зохиол сонирхдог хүн бүхний тэсэн ядан хүлээдэг “Болор цом” яруу найргийн наадам саяхан болж өнгөрсөн. Жил жил хэн түрүүлэх бол гэсэн битүүхэн хүлээлт дунд үргэлжилдэг “Болор цом”-д энэ жил аман хүзүүдсэн яруу найрагч Х.Эрдэнэбаатартай хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.

-Саяхан болсон “Болор цом”-д та аман хүзүүдсэн. Өмнө нь нэг удаа түрүүлж байсан. Нэг хүн яруу найргийн хэмжүүр болсон энэ том наадамд нэг түрүү, нэг аман хүзүү авна гэдэг ховор тохиол. Шагналаа авч байх мөчид танд юу бодогдож байсан бэ?

-За даа олон уралдаад ирэхээр дөжирчих юм даа. “Болор цом”-д нийт 10 удаа орсноос нэг удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэж, нэг удаа гуравд орж, таван удаа шөвгөрсөн байдаг. “Болор цом” бол Монголын утга зохиолын хамгийн дээд хэмжүүр биш гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг л дөө. Гэхдээ яруу найрагчийн чансааг шалгадаг наадам. Жил болгон л 300 гаруй яруу найрагч бүртгүүлж, шүлгээ өгдөг. Түүнээс шалгарсан 30 найрагч шүлгээрээ уралддаг. “Болор цом”-ын эзэн болж байсан яруу найрагчийн нэг онцлог нь юу вэ гэхээр тааллаараа оролцдог л доо. Мялаалгын шүлгээ уншаад тайзнаас бууж болно, оролцоно гэх юм бол албан ёсоор бүртгүүлээд оролцдог. Ер нь уул ус, аав ээж, нутгийн минь тэнгэр намайг үргэлж харж, түшиж явдаг гэж боддог. Манай яруу найрагчид дотор хоёр удаа түрүүлж байсан яруу найрагч байдаг ч түрүүлээд, үзүүрлэчихсэн яруу найрагч байдаггүй.

-Мялаалга шүлэг гэснээс энэ жилийн наадам дээр Т.Галсан гуай таныг орчин цагийн яруу найргийн нүүр царай болсон таван найрагчийн нэгээр нэрлээд “Улаан чоно” шүлгээ танд зориулан уншсан. Энэ шүлгийг сонсож байхад танд төрсөн сэтгэгдэл?

-За Т.Галсан гуай шиг мэргэжлийн яруу найргийн “инжаан”, дархчуул болчихсон хүмүүс яруу найрагчдийг хэн нь хэн бэ гэдгийг харж байдаг, мэддэг. Т.Галсан гуай “Монголын утга зохиолын таван чоно” гэж нэрлээд намайг “Алтайн улаан чоно” болгосон. Энэ бол миний хувьд үзэгчид, сонсогчид, утга зохиолын хүрээнийхэнд маш том үнэлэмж болсон. Шүүмж судлал алга болчихсон байгаа энэ үед арай өөр хэлбэрээр гаргаж ирлээ л дээ. Бидний “Таван чоно” гэж нэрлэгдсэн найрагчдийн онцлог нь зөвхөн хайр дурлал бичээд байдаггүй уул ус, эх орноо хамгаалсан, энэ цөвүүн үед яруу найргаараа дамжуулан эх орноо өмөөрч бичдэг хүмүүсийг л нэрлэсэн байсан. Намайг “Алтайн улаан чоно”, “Хар чоно”-оор Ай.Төмөр-Очир, “Дэлт чоно” Б.Лхагвасүрэн гуай, “Цагаан чоно” эрдэмтэн доктор Г.Аким гуай, “Галзуу чоно” гэж манай аатай, иртэй яруу найрагч Мягмарсүрэн гуай нарыг нэрлэсэн. Цаашдаа энэ “Таван чоно” гэдэг сонин ойлголт болох байх л гэж бодож байгаа ш дээ. Надад бол маш сайхан санагдсан.

-“Болор цом”-ын эзэн яруу найрагчтай аймаг тэр бүр олон байдаггүй. Та бол яахын аргагүй Ховдын түмний бахархал болсон хүн. Харин таны хувьд хамгийн том бахархал?

-Энэ сайхан нутаг усанд төрсөндөө, аав ээжийнхээ хүү нь болж төрсөндөө их бахархаж явдаг. Ер нь хүн нутгаараа л их бахархаж явдаг юм байна. Нутаг нь хүүхдээрээ, төрж гарсан алдартнуудаараа бахархдаг л  байх л даа. Гэхдээ нутаг гэдэг ойлголтыг нэг хувь хүнтэй дүйцүүлж үзэхэд том юм л даа. Тэгэхээр миний бахархал бол энэ сайхан уулс юм. Миний бодлоор энэ уулс дунд өссөн яруу найрагч бол талын тухай сайхан шүлэг бичиж чадахгүй ш дээ. Яруу найргийнхаа буянаар би Монгол орныхоо Дорнодоос бусад бүх аймагт очиж үзсэн. Тэр үед хичнээн сайхан мэдрэмж төрж байсан ч би талыг мэддэг яруу найрагчид шиг сайхан бичиж чадахгүй юм билээ. Харин тэд уулыг бичиж чадахгүй. Р.Гамзатов бол насаараа л Дагестаныхаа уул усыг бичсээр байгаад л дэлхийн сонгодог яруу найрагч болчихсон байдаг шиг бид бол уулынхаа тухай л бичнэ.

-Уулын тухай түлхүү бичдэг гэснээс танд юу хамгийн их онгод оруулдаг вэ? Та аль улиралд илүү их шүлэг бичиж байх шиг ажиглагдаж байна?

-Энэ их сонирхолтой асуулт байна. Би бол өвөл, зунд бараг шүлэг бичдэггүй юм. Хавар болоод, нимгэн зэрэглээ гүйгээд л, усны шувууд ирж байгаа сэтгэл гэгэлзсэн үед бол их сайхан шүлгүүд орж ирнэ. Миний ихэнх шүлгүүд намар бичигдсэн байдаг. Уулын толгойд будан суугаад, мөс зайрмагтаад, шувууд буцаж байгаа үед их бичдэг юм. Сэтгэлийн их эмзэглэлтэй үед юм уу даа. Мэргэжлийн яруу найрагч болоод ирэхээрээ бид яг энэ үеүдэд хамт суугаад, санаа оноогоо ярилцаад, шинэ номоо ярилцацгаадаг. Надад бол зуны улиралд бичсэн шүлэг бараг байдаггүй юм. Хэдий сайхан улирал ч найр наадам гэж яваад хамгийн сайхан шүлгүүд хавар намарт л бичигдсэн байдаг. Энэ үед л онгод хийморь их хөгжүүн байдаг юм шиг. Яруу найрагчид онгод гээд л ярьдаг. Онгод бол илэрхий бодит харагдаад, үзэгдээд байхгүй ч гэсэн байгаа зүйл. Хэрвээ байдаггүй байсан бол захын нэг их ном уншдаг хүн ч юм уу, өндөр боловсролтой сэхээтэн шүлэг биччихнэ шүү дээ. Оюун санааг нь үүрийн жингээр сэрээж, шүгэлж орж ирж байна гэдэг бол онгод гэдэг зүйл байна л гэж боддог.

-Та яагаад яруу найрагч болсон бэ? Яагаад энэ мэргэжилт дурлах болов?

-Анх тавдугаар ангиасаа л эхэлсэн дээ. Тэр үед ХоИС-ийн Түүхийн тэнхимийн доктор, профессор Ганболд  анх нутагтаа очиж яруу найргийн тэмцээн зохиогоод, түүнд орж үзье гэж бодоод ороод түрүүлсэн. Тэр үед Д.Нямаагийн “Хаврын урсгал” гэдэг сайхан номыг бэлэглээд “Алдартай яруу найрагч болоорой” гээд өгч байсан. Тэр ерөөлөөр болсон доо. Тэр үеийн дотуур байранд байдаг хүүхдийн нэг давуу чанар байсан л даа. Яахав гадуур гараад тоглоод явах нэг нь явна. Би бол номын санд их суудаг байлаа. Дуутын 8 жилд байхдаа би дэлхийн сонгодог уран зохиолуудыг бүрэн дуусгасан. Орчин үед социализм гэж муу хэлэгдээд байгаа тэр үеийн нийгэмд байсан нэг давуу тал нь улсаас бүх зардлыг нь даагаад, тусдаа орчуулагч гаргаад дэлхийн бүх сонгодог зохиолыг орчуулчихсан байсан. Тэр номуудыг уншсан хүн бол яруу найрагт хүссэн хүсээгүй дурладаг, яруу найраг руу орохдоо муу бичих эрхгүй орж байгаа юм. Орон орны сонгодгийг уншаад, ялгаж салгачихсан хүн бусдын зам мөр рүү хазайж орохгүй, өөрийн гэсэн үзэл бодолтой болон төлөвшиж байсан.

-Хүний залуу нас гэдэг сайхан. Тэр дундаа яруу найрагч хүний залуу насыг дүрэлзсэн улаан гал шиг өнгөрдөг гэлцдэг. Залуу насныхаа сайхан дурсамжаас хуваалцахгүй юу?

-Би арван жилээ төгсөөд цэрэгт явсан. Цэргийн он жилүүд маш сайхан дурсамжтай он жилүүд байдаг юм. Цэрэгт байхдаа анхныхаа номны шүлгүүдийг бэлдэж байлаа. 1990 онд цэргээс халагдаж ирээд 1991 оноос Монголд “Найргийн даага” нэртэй яруу найргийн наадам болж эхэлсэн. Тэр наадамд аймгаа төлөөлж очоод Монголын бүх том яруу найрагчидтай уулзаж, сургааль, захиасыг нь авч бүтэн 21 хоногийн яруу найргийн уншлага болж байлаа. 500 орчим яруу найрагчаас шигшиж үлдсэн хүмүүсээ хоёр бүлэгт хувааж байсан. Сая Б.Лхагвасүрэн гуай ирээд хэлж байсан даа. “Багшийн их сургуулийн дэргэд 13 хүүхэд авч байсан” гэж. Яг нөгөө талд нь зэрэгцүүлээд Дашбалбар гуай өөр өвөрмөц өнгө аясаар бичдэг 16 хүүхдийг авч “Дорно дахины утга зохиолын их сургууль” гэж ШУХЗ-ийн хүрээлэнгийн дэргэд байгуулж байсан. Одоо яг тэр үед төгссөн бидний хэсэг хүмүүс бол Монголын утга зохиолын толгойд явж байна.

-Та орон нутагтаа амьдарч байгаа яруу найрагчийн хувьд манай аймгаас баримталж буй урлаг соёлын бодлого хэр байна вэ? Ялангуяа яруу найргийн хувьд?

-Үе үеийн аймгийн засаг дарга нарын үед Монголын утга зохиолын өдрүүдийг манай аймаг хийдэг байсан. 1996 онд Дамбаа даргын үед гучин хэдэн яруу найрагчийг онгоцоор авчирч сумдаар явуулж байлаа. Дараа нь Галаа даргын үед “Яруу найргийн цоморлиг”, Галсандондог даргын үед “Явуугийн модны үдэш” гэж сайхан наадам хийж байсан, тэгээд нэг хэсэг тасраад сүүлд 2012 оноос хойш “Ном хөтөлбөрийн хүрээнд сая зохиолчдын дөрөв дэх баг ирж ажиллалаа. Энэ бол сэхээтнүүд нь соёлоо ойлгодог болж байгаагийн илрэл. Мэдээж сайн юм хийгээд явж байгаа хүмүүсийг үгүйсгэх аргагүй. Номоороо, багшаараа дамжуулж бүх ард иргэдийг соён гэгээрүүлэх үйл явц бол тасралтгүй явж байх ёстой. Утга зохиолын үйл ажиллагаа сайн байгаа гэж боддог. Нөгөө талаасаа Ховд бол соёлын угшилтай аймаг. Дэлхийд байхгүй ховор уран нугаралт, хөөмэй, бий биелгээ, тууль, цуур гээд олон ястны соёлтой. Үүнээс гадна утга зохиолын талаар бодлого баримтлан сурталчилж байгаад баяртай явдаг.

-Таны хамгийн том шүүмжлэгч. Шүлгээ бичээд хамгийн эхэнд хэнд уншуулдаг вэ?

-Зарим нь хамгийн эхэнд эхнэртээ уншуулдаг гэдэг юм. Би бол хэнд ч уншуулдаггүй. Хэрвээ миний бичиж дуусаагүй шүлгийг унших, дэвтэр сөхөхөд их дургүй. Харин хэвлүүлээд ном болгоод гаргасны дараа хүмүүс юу гэж хэлэх, утга зохиолын шүүмжлэгчид юу гэж бичихийг бол хүлээж авна. Гэхдээ өдий болтол нээх айхтар шүүмжлэлд өртчихөөгүй байхыг бодоход гайгүй л бичиж байна гэж боддог. Ер нь тухайн яруу найрагч өөрийнхөө хэмжээг мэдэж байх ёстой. Хамгийн том шүүмжлэгч бол өөрөө өөртөө л байх ёстой. Өөрийгөө мэдэхгүй утга зохиол руу орно гэдэг бол өрөвдөлтэй. Тэгээд л дуусна гэсэн үг.

-Мэргэжлийн яруу найрагчид өөр өөрийн арга барилаар гарын шавь бэлтгэдэг. Таны хувьд хичнээн шавьтай вэ?

-Шавь гээд гүйж явдаг 10 гаруй хүүхэд бий. ХоИС-тай хамтарч шавь бэлтгэх гэж оролдсон боловч амжилт олоогүй. Олон сайхан залуучууд төрөн гарч байна. Миний үеэс ч гэсэн авьяаслаг яруу найрагчид бий. А.Бямбасүрэн, Б.Баяраа, Г.Төрмөнх, У.Батболд гээд. Миний дээд талын хүмүүс ч бас олон бий. Яг шавийн хувьд модернист чиглэлээр бичдэг Лхагва-Очир, Гантөмөр нарын залуучуудаас би их юм харж, хүлээж байгаа. Ж.Саруул гэж сайхан өгүүлэг бичдэг охин байна. Хамгийн гол нь яруу найрагч хүн өөрийгөө тоох ёстой. Өөрийгөө тоогоогүй уран бүтээлч бол хэзээ ч дээшээ явдаггүй. Бусдаар тоолгох гэж, бусдаар магтуулах гэж суугаад хэрэггүй. Өөрөө өөрийгөө тоох ёстой, мэдэж байх ёстой. Дашбалбар багшийн хэлж байсан, утга зохиолын ганц том зарчим бол энэ.

                                  Ховд аймаг А.Бямбасүрэн

 

Related news