Канадын Засгийн газар амлалтаа биелүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-29 15:44:20

ОТТАВА. /TASS/. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Сирийн 25 мянган дүрвэгч Канадад ирсэн тухай телевизийн “CBC” суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, Сириэс шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийн хамгийн сүүлчийн бүлэг бүхий Канадын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Квебек мужийн Монреал хотод газардсанаар тус улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сарын 1-нээс өмнө Сирийн 25 мянган дүрвэгчийг хүлээж авна гэсэн амлалтаа биелүүлжээ. Энэ талаарх албан ёсны мэдэгдлийг Канадын Цагаачлал, дүрвэгсэд болон иргэн харьяатын сайд Жон Маккаллум даваа гарагт хийх төлөвтэй байна.

Шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 4-нөөс хойш Канадын Агаарын цэргийн хүчний тээврийн нисэх онгоцуудаар дүрвэгсдийн тусгай хуарангуудад байрлаж байгаа Иордан, Ливанаас тус улсад хүргэжээ. Шинэ он гарснаас хойш Туркт байгаа Сирийн дүрвэгсдийг Канадад хүргэж эхэлсэн байна.

Д.Жаргал

 

Related news