Монголд тусламж үзүүлэхгүй байхыг Канадын компани Засгийн газраасаа хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-03 12:11:15

ОТТАВА. /Financialpost/. Ураны уурхайг нь оросуудад шилжүүлснийхээ төлбөрийг Монгол барагдуулах хүртэл тус улсад үзүүлэх хэдэн сая долларын тусламжийг түр зогсоохыг Канадын уул уурхайн компани улсынхаа Засгийн газраас хүсчээ.

Торонтод төвтэй “Khan Resources” компанид 100 гаруй сая долларын нөхөн олговрыг Монгол олгох ёстой гэсэн худалдааны шүүхийн шийдвэр гарснаас нэг жилийн дараа тус компани Канадын Засгийн газарт ийм хүсэлт тавьсан байна. Урт хугацаанд үргэлжилж байгаа уг маргаан хүйтэн дайны үеийн геополитикоос үүдэлтэй билээ.

Ирэх долоо хоногт Канадын Торонто хотод болох уул уурхайн томоохон конвенцэд Монголын албаны хүмүүс оролцож, Канад болон дэлхийн уул уурхайн компаниудад улсынхаа уул уурхайн салбарыг танилцуулж, хөрөнгө оруулалт хийхэд таатай орчин болохоо батлахаар төлөвлөсөн. Гэвч энэ үед “Khan Resources” компани Засгийн газартаа дээрх хүсэлтийг тавьсан байна.

Канадын Консерватив Засгийн газар 2014 онд Монголыг гадаадын тусламж авах ёстой 25 орны нэг болгож, жил бүр дөрөв орчим сая долларын тусламжийг тус улсад олгодог болжээ. Уул уурхайн салбараа удирдах чадамжийг Монголын Засгийн газарт бий болгох тусламжийг Канад үзүүлдэг байна. Монголын хоёр дахь том хөрөнгө оруулагч бол Канад юм.

Монголын зэс, алт, нүүрс зэрэг нөөц баялгийг хэрхэн ашиглах, хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн хөгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн сайжруулахад чиглэсэн бидний ажилд Канадын тусламж маш чухал үүрэгтэй байдаг гэж Монголоос Канадад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл өчигдөр өгсөн ярилцлагадаа дурджээ.

Д.Нямтулга

 

Related news