”Mongolia open-2016”-д манай бөхчүүд илүүрхлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-07 09:50:58

Чөлөөт бөхийн ”Mongolia open-2016” олон улсын уламжлалт тэмцээний эхний өдрийн болон өнгөрсөн бямба гарагт болсон барилдаанд 7 жинд нь Монголын, 1 жинд нь Казахстаны бөхчүүд алтан медаль хүртлээ.

Эрэгтэй 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин нарын уран, хурц барилдаан үзэгчдийг догдлуулж, өндөлзүүлж чадлаа. Тус барилдааны сүүлийн үед Б.Номин өрсөлдөгчөө хөлд нь мушгих мэх хийж бүхэл 4 оноо авсан ч удалгүй гоомой мэх хийж өөрөө цэвэр даруулж ялагдлаа. Ийнхүү гавьяат тамирчин Г.Мандахнаран 5 дахь удаагаа түрүүлсэн бол ОУХМ Д.Хүдэрбулга 3 дахь удаа, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг нар 2 дахь удаа, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, ОУХМ Б.Нямгэрэл, Ш.Түмэнцэцэг нар анх удаа түрүүлэв.

“Mongolia open 2016” тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-д Д.Алтангэрэл анх удаа түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа ийнхүү ахиулж чадлаа. Хагас шигшээд ОУХМ Б.Батзоригийг 3:2-оор ялсан Г.Идэрхүү мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Батзориг ОХУ-ын Алибек Абдикассымовийг 10:9-ээр, С.Батсүх ОХУ-ын Тимур Николаевийг 3:2-оор тус тус яллаа.

Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 125 кг-д ОХУ-ын Балдан Чижипов хоёр жил дараалан түрүүллээ. Мөнгөн медалийг ОУХМ Н.Золбоо хүртэж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Р.Пүрэвдагва Ж.Чулуунбатыг 10:6-аар, Я.Алтантулга, Өвөрмонголын Алтансүхийг 4:1-ээр яллаа. Харин “Mongolia open-2016” тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-д шинэ аварга төрж Л.Төртогтох түрүүллээ. Тэр шигшээ барилдаанд П.Өсөхбаатарыг 7:3-аар ялсан юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Г.Нямбаяр З.Мөнхзолбоог 4:0-ээр, Д.Гомбодорж Хятадын бөх М.Мандалааг 13:2-оор ялж тус тус хүрэл медалийн эзэд болов.

Буянт-Ухаа дахь спорт цогцолборт зохион байгуулсан чөлөөт бөхийн “Mongolia Open-2016” олон улсын тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагийн барилдаанд манай бөхчүүд бас л илүүрхлээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-д С.Батцэцэг дөрөв дэх удаагаа түрүүллээ. Энэ жинд таван бөх барилдаж С.Батцэцэг гавьяат бүх өрсөлдөгчөө ялсан. Мөнгөн медалийг Хасу Мегаватт клубын Н.Чанцалнямаа, хүрэл медалийг Алдарын Э.Цэвэгмэд нар хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг хоёр жил дараалан түрүүллээ. Шигшээд ОХУ-ын бөх Сталвира Оршушийг 2:0-ээр яллаа. Хүрэл медалийн төлөөх барилдаанд "Арслан" клубын тамирчин Б.Хатантуул Европ тивийн өсвөрийн хошой аварга ОХУ-ын Алина Казимоватай барилдаж 10:5-аар ялагдлаа. Мөнгөн медалийг Сталвира Оршуш, хүрэл медалийг Алина Казимова нар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 75 кг-д Г.Наранчимэг түрүүлж, гавьяат тамирчин О.Бурмаа мөнгө, хүрэл медалийг Ху Ен Гаова /БНХАУ/ тус тус хүртжээ. “Mongolia open-2016” ОУТ-ий эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга шигшээд ОХУ-ын бөх Владимир Елегонтовыг ялж алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр өнгөрсөн жил энэ жинд хүрэл медаль хүртсэн юм. Хүрэл медалийг ОХУ-ын Нурлан Турган, Даша Шара Степанов нар хүртлээ.

Д.Өлзий

Related news