Цаг агаарын аюултай үзэгдэл болох тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-01 11:46:07

Завхан/МОНЦАМЭ/.Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын аюултай үзэгдэл болохтой холбогдуулан Завханы Онцгой комисс хуралдаж аймгаас гарах болон орох автотээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах тухай шийдвэр гаргалаа.

Цаг уур орчны шинжилгээний газрын цаг агаарын урьдчилан сэргийлэх төлөв мэдээгээр 2018 оны 12 дугаар сарын 01, 02-ний өдрүүдэд нийт нутгаар 18-24 м/с цасан болон, шороон шуурга шуурахаар байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Завхан аймгийн тухайд энэхүү цасан болон шороон шуурга нь өндөр уулсын хөндийгөөр буюу Цагаанчулуут, Шилүүстэй, Дөрвөлжин, Ургамал гэх мэт 9 сумын нутгаар дайран өнгөрөх, 2-ны өдрөөс эхлэн цасан болон шороон шуурга намдаж огцом хүйтрэх төлөвтэй байгаа ажээ.

Аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас аймгийн 18 суманд масс мессежийг дамжуулаад байна. Завханмандал, Баянтэс гэхчлэн зургаан суманд масс мессежийг хүргэх боломжгүй байна. Тиймээс цаг агаарын аюултай үзэгдэл дайран өнгөрөх Завханы 9 сумын малчид тээвэрчдэд онцгой анхааруулах, бБусад сумдын малчдыг малаа ойр бэлчээх, нийтийн тээврийн болон, хувиараа замд гарах гэж буй жолооч нарыг автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууныг хангалттай нөөцлөх, сум, аймаг суурин газраас гарч хол замд явах зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгслийн бүртгэлийг хянах, эрүүл мэндийн байгууллагууд, эрчим хүчний байгууллагуудыг шатахууны нөөцийг бэлэн байлгах, сумдын шатахуун түгээх газруудыг яаралтай үед ажиллах техникийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлтгэх, орон нутгийн болон улсын чанартай зам даваануудыг онгойлгох, засварлахад зам засвар арчлалтын компаниудыг бэлэн байдалд байлгах, сум, суурин газруудын дулаан хангамжийн нөөцийг бэлтгэх, хангуулах гэхчлэн үүрэг чиглэлийг Завханы Онцгой комиссоос холбогдох албуудад өгчээ.

Цаг агаарын аюулт үзэгдэл дайран өнгөрөхөөр байгаа Завханы 9 сум төвийн эрчим хүчээс цахилгаанаа авдаг байна. Аймгийн эрчим хүчний газар аюулт үзэгдэл болохтой холбоотой 12 дугаар сарын 1-2 ний өдрүүдэд сумдын эрчим хүчний салбар, төвийн эрчим хүчний диспетчрийн хяналтыг сайжруулж бэлэн байдалд ажиллахаар болжээ. Харин малчид иргэд алсын зам, хөдөө орон нутгаар яваа жолооч тээвэрчид машин техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ар гэртээ байнгын холбоотой байхыг анхаарууллаа.Энэ өдрүүдэд үзэгдэх орчин хязгаарлагдан томоохон даваа, авто зам цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх магадлалтай байна. Түүнчлэн малчид өндөр настан, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг малд явуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. 

Related news