2017 оноос 3000 га талбайд газар тариалан эрхэлдэг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны аймгийн зөвлөлгөөн болж, бүх сумдын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, аймгийн Хөдөө аж ахуйн газар, Ховд Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран зохион байгууллаа.
Уг зөвлөлгөөнд оролцогчдод Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан оролцож хэлсэн үгэндээ “Энэ хавраас эхлэх Эрдэнэбүрэний УЦС-ын ажил эхлэхээр төлөвлөж байна. Ховд голоос эрчим хүч үйлдвэрлэх даралттай усыг олон мянган га-газар тариалан эрхлэх услах, шинээр газар эргэлтэд оруулах, Буянт, Мянгад, Ховд, Булган сумдад 1000 га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулж далан барих, ирэх 2017 он хүртэл 3000 га талбайд газар тариалан эрхлэх бэлтгэл ажлын хүрээнд дээрх ажлуудыг эхлүүлэхээр зорьж байна. Түүнчлэн аймгийн нийт мал сүргийн 95 хувиас доошгүй хувийг бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн хэлбэрээр, 5 хувийг фермерийн зохион байгуулалттай хөгжүүлэх аймгийн бодлогыг танилцууллаа. Монгол Алтайн ууланд бэлчдэг хонин сүрэг аргал, янгирын иддэг өвс ургамал иддэг учир махны амт чанар сайтай дэлхийн зах зээлд гаргавал 1кг мах 24,0 мянган төгрөгт хүрэх боломж байгаа зэрэг тус салбарын хөгжих гарцын талаар онцлон ярилаа.
Том зорилтод хүрэхийн тулд жижиг ажлыг чамбай эхлүүлж ажиллахыг тэрээр мэргэжилтнүүдэд зөвлөлөө.
Ховд аймгийн 17 суманд хөдөө аж ахуйн 53 нэгжид 100 гаруй мэргэжилтэн ажиллаж байна.
Уг зөвлөлгөөнөөр аймгийн ХХАА-н салбарын 2012-2016 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2016 оны салбарын бодлого, мал эмнэлгийн хэлтэс, мал аж ахуйн салбарын хэлтэс, хүнсний салбарын өнөөгийн байдал, газар тариалангийн салбарын зорилт, бэлчээр усан хангамжийн ашиглалт, хамгаалалт, хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг мэдээллүүдийг холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа.
А.Бямбасүрэн