ЕСБХБ Монголын компанид тусалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-03-14 13:18:00

ЛОНДОН. /Ebrd/. Вакуум цонх болон хаалга үйлдвэрлэгч “Молор зам” компанийн үйл ажиллагааг сайжруулахад Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ тусалжээ.

Монголд зундаа +40 хэм хүртэл халж, өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг учир тус улсын барилгад сайн тусгаарлагч, дулаалга хийх шаардлагатай.

Э.Гэрэлмаа болон түүний гэр бүл 2003 онд вакуум цонх үйлдвэрлэхээр “Молор зам” компанийг байгуулсан байна. Тухайн үед вакуум цонх, хаалга нь Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн байсан учир тус компани бага хэмжээгээр үйлдвэрлэл явуулдаг байжээ. Удалгүй модон цонхнуудыг бодвол илүү бат бөх хүрээтэй, хямд зардалтай дулаан тусгаарлагч цонхны эрэлт нэмэгдэж, Гэрэлмаагийн компани өөрийн гэсэн байр сууриа олсон байна.

2012 хүртэлх хугацаанд Монголын эдийн засаг хамгийн ихээр өсөж байсан бөгөөд энэ үеийн давуу талыг “Молор зам” компани ашиглажээ. Улаанбаатар хотын хүн ам маш хурдацтай өсөж, барилгын салбар эрчимтэй тэлж байсантай холбоотойгоор өндөр чанартай вакуум цонх, хаалганы эрэлт үйлдвэрлэлийн хүчин чадлаасаа давж, “Молор зам” компани захиалгуудаа цуцлахад хүрсэн байна. Улмаар Гэрэлмаа үйлдвэрээ өргөжүүлэхээр шийджээ. Гэвч компанийн менежмент багагүй сорилттой нүүр тулсан байна. Гэр бүлийн бизнесийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж, үр ашгийг сэргээхэд бидэнд тусламж шаардлагатай болсон гэж Гэрэлмаа хэлэв.

Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар харьцангуй жижиг бөгөөд тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад аж ахуйн нэгж мэдлэг дутмаг гэсэн нийтлэг сорилттой нүүр тулж байлаа.

Жишээ нь: Дэлхийн банк болон ЕСБХБ-ны явуулсан Бизнесийн орчин, аж ахуйн нэгжийн ажиллагааны хамгийн сүүлийн үеийн судалгаагаар /BEEPS V/, ажиллах хүчний чадвар хангалтгүй байдаг нь бизнес эрхлэхэд тулгардаг гол бэрхшээл юм гэж “Молор зам” шиг компаниуд тайлбарлажээ.

ЕСБХБ-ны Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөгөө өгөх хөтөлбөр Монголд хэрэгжиж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь компаниудын захирал болон удирдлага, үйл ажиллагааны асуудал хариуцсан ажилтнуудтай хамтран ажилладаг жижиг, дунд үйлдвэрлэлийн зөвлөхүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулах замаар эдгээр тулгамдсан асуудлыг давахад тусалдаг гэж Монгол дахь тус хөтөлбөрийн ерөнхий менежер С.Байгалмаа хэлжээ.

Жишээ нь, “Молор зам” компанийн менежментийг сайжруулж, үйлдвэрлэлийг нь боловсронгуй болгоход туслах бүтцийн шинэчлэл хийх зорилгоор тус компанийг бид Монгол дахь зөвлөхүүд танилцуулсан гэж тэрбээр хэллээ.

Зөвлөхүүд үйлдвэрлэлийн явцад дүн шинжилгээ хийсний дараа хуучин төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрийн орон зай ашиглалтыг оновчтой болгож, үйлдвэрлэлийн илүү оновчтой дарааллыг бий болгох замаар үр ашгийг нэмэгдүүлдэг. Ингэснээр үйлдвэрлэлийн хугацааг багасгах юм.

"Өмнө нь ажиллагаа маш их шаардлагатай байсан бөгөөд төхөөрөмжүүдийг ажиллуулахад маш хэцүү байсан. Ажилтнууд хүртэл нэг жил ажиллаад л яваад өгдөг байсан. Одоо бол бид бүх ажилтнаа ажлын байранд нь үлдээж чадсан бөгөөд тэд сайжруулах гэсэн амлалт, санаачилгатай ажиллаж байгаа" гэж Гэрэлмаа хэлсэн байна.

ЕСБХБ-ны уг төслийн ачаар “Молор зам” компани Германы шинэ технологи нэвтрүүлж, илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Их хэмжээний захиалга ирсэн ч гэсэн захиалгыг гүйцэтгэж, хүргэх асуудал хялбар болсон байна. Тус компани урьд нь өдөрт 20 цонх үйлдвэрлэдэг байсан бол одоо өдөрт өндөр чанартай 64 цонх үйлдвэрлэдэг болжээ.

Д.Нямтулга

 

Related news