Дарханы Иргэдийн Төлөөлөгчид Орхон аймгаас туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-14 22:34:01

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон тус хурлын Ажлын албаны ажилтнууд, Орхон аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав.

Дарханы төлөөлөгчдийг Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ИТХТ-ийн Ажлын албаны дарга С.Цэгмэд нар хүлээн авч  санал солилцлоо. Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ:-“Эрдэнэт хотын ажил амьдрал, нийгэм эдийн засгийн  хөгжил цэцэглэлтийг нуруун дээрээ үүрч байдаг Монгол Улсын эдийн засгийн стратегийн байгууллага болох Эрдэнэт үйлдвэрээрээ бид бахархдаг. Эрдэнэт хотын 6000 гаруй айл өрхийн амьдрал энэ байгууллагатай салшгүй холбоотой. Манай хотын ирээдүйн чиг хандлага бол Эрдэнэт үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай холбогдуулаад үйлдвэржилтийг дэмжих бодлогыг барьж жижиг дунд үйлдвэрийг дэмжиж экспортыг нэмэгдүүлж импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд  жижиг дунд нийлсэн 50 гаруй үйлдвэрийг барьж ашиглалтад өгсөн нь манай аймгийн хөгжлийг хэр хэмжээнд байгааг харуулж байна гэж боддог. Үйлдвэр Технологийн парк түүний хүрээнд хийгдэх ажлынхаа чиг баримжааг гарган ажиллаж Монгол Улсын хууль тогтоомж болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын 31 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч Ардчилсан намаас, 10 төлөөлөгч МАН-аас, хоёр төлөөлөгч МАХН-аас тус тус сонгогдон  ажиллаж байна” гэв.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй танилцлаа. “Эрдэнэт үйлдвэр” нь Молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаараа Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530,0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4,5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. "Эрдэнэт" үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшиж Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат:-“Орон нутгийн үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай “Хамтын ажиллагаа”-ны гэрээ байгуулж ажилладаг туршлагыг нь Дархан-Уул аймагтаа хэрэгжүүлэх боломжтой юм байна гэж харж байна” гэв. 

                                     Б.Норовсамбуу

Related news