Жил дараалан ихэрлэдэг улаан ямаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 12:13:15

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Ч.Цэдэндамбаагийн улаан ямаанаас 2010 онд таван  ихэр ишиг төрж эсэн мэнд бойжиж байна. 2011 онд  дөрвөн ихэр ишиг гарч, хэр ишигний хоёр нь эм, хоёр нь эр аж. 2013 онд  жил гурван ихэр ишиг гаргасан юм.

Хонгио багийн малчин Ч.Цэдэндамбаа 2014 онд аймгийн сайн малчин цолоор шагнуулжээ. Эднийх жил дараалан ихэр ишиг төрүүлж сүргээ өтгөрүүлж, ашиг шимээ өгдөг улаан ямаандаа тун хайртай, отроор нүүхдээ улаан ямаагаа машин дээр ачаад нүүдэг гэнэ лээ.

Тэртээ 1970 оны үед Ховд аймгийн  Дарви сумын малчин Ваанчигийн хотонд таван ихэр хурга төрж тавуулаа мал болсон түүхтэй. Энэ нь тухайн үедээ олны анхаарлыг ихээхэн татаж байсан сонирхолтой үйл явдлын нэг байлаа. Одоо ч гэсэн энэ ховор тохиолдлын тухай яриа хуучраагүй бөгөөд ам дамжуулан бэлэгшээж ярилцсаар байдаг.
Тэгээд ч тус аймгийн Дарви сумын нутаг хонин сүрэгт ээлтэй төдийгүй улсын алдар цолтой малчид тус сумаас хамгийн олноор төрж гарсан Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар алдарт хоньчин С.Цотгэрэлийн нутаг юм.

А.Бямбасүрэн

Related news