Монгол цэргийн музейд 9400 гаруй үзмэр хадгалагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-16 12:55:49

“Монгол цэргийн музей” үүсч байгуулагдсаны 50 жилийн ойн баярын арга хэмжээ өчигдөр боллоо.

Баярын арга хэмжээг нээж УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцох үеэрээ “Монгол цэргийн музей нь чулуун зэвсгийн үеэс эхлэн өнөөгийн Зэвсэгт хүчний хөгжлийн үеийг харуулсан Монгол цэргийн түүхэнд холбогдох олон мянган баримт хэрэгслийг хадгалан хамгаалаад зогсохгүй олон нийтэд сурталчлах үүргээ сайн биелүүлж ирснийг түүхэн энэ өдөр нь онцлох ёстой. Цаашдаа соёлын их өвийн сан хөмрөгийг бид хайрлан хамгаалж, ирээдүй хойч үеийнхэндээ бүрэн бүтнээр нь уламжлуулж үлдээх хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг хүлээж байна” хэмээн онцлов. Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт бүтээлтэй ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдыг Батлан хамгаалах яамны шагналаар шагнаж урамшуулсан юм.

Монгол цэргийн музей нь 1966 онд байгуулагдсан бөгөөд 1966 оноос Ардын армийн Төв музей, 1986 оноос Монголын ардын армийн музей, 1989 оноос Монголын ардын армийн төв музей, 1991 оноос Монгол цэргийн музей нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус музей нь чулуун зэвсгийн үеэс эхлэн өнөөгийн Зэвсэгт хүчний хөгжлийн үеийг харуулсан монгол цэргийн түүхэнд холбогдох 9400 гаруй эд өлөг, биет үзмэрүүд төрөлжсөн 12 сан хөмрөгт хадгалагдан, үзүүллэгийн 7 танхимд дэглэж нийтийн хүртээл болж байгаа нь залуу хойч үеийг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлж төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа юм.

Ж.Батсайхан

Related news