“Бор цэргээс Бороо генерал” номын нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-17 16:41:03

Хууль зүйн ухааны доктор, хурандаа Ш.Сүхбаатарын Монгол төрийн хошууч генерал М.Борбаатарын тухай бичсэн “Бор цэргээс Бороо генерал” номын нээлт өнөөдөр БХЯ-ны танхимд боллоо.

Эл номд хурандаа генерал Б.Дорж, Б.Цог, Ж.Авхиа, Ж.Ёндон болон УИХ-ын гишүүн Л.Болд гээд цаг цагийн Батлан хамгаалахын сайд нарын М.Борбаатарыг байлдагчаас нь эхлээд таньж мэдэж, дэвшүүлж өндийлгөсөн тодотголууд, найз нөхдийнх нь дурсамж, хамтран ажиллагсдынх нь сонирхолтой хууч яриа багтжээ.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан хэлэхдээ, "Миний хувьд генералыгаа 1984 оноос хойш мэднэ. Бид хамтдаа "Элит"-ийн батальоныг байгуулахаар зүтгэж байсан. Эр хүнийхээ хувьд дэндүү сайхан эр, цэргийн даргынхаа хувьд шударга, офицер хүний төгс чанарыг өөртөө шингээсэн хүн байлаа. Салбарынхаа төлөө, цэргүүдийнхээ төлөө олон ажил хийж хэрэгжүүлснийг бид мэднэ. Монгол цэргийн үлгэр жишээ болсон энэ хүний тухай ийм сайхан бүтээл гаргасан Ш.Сүхбаатартаа талархаж байна" гэв.

 Номын зохиогч, доктор Ш.Сүхбаатар "Хошууч генерал М.Борбаатар Зэвсэгт хүчний анги, салбар, БХИС, Зэвсэгт хүчний Жанжин штаб, БХЯ-нд удирдах албан тушаалд ажиллах хугацаандаа Улс орны аюулгүй байдлыг хангах, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний цэргийн удирдлагын манлайллыг хангах, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг цэргийн ба захиргааны удирдлагаар ханган үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж ирсэн ажлын их баялаг туршлагатай төр түмнийхээ итгэлийг хүлээсэн хөдөлмөрч, зохион байгуулагч шилдэг генералуудын нэг байлаа. Энэ хүнтэй богино хугацаанд хамтран ажилласан надад хүн чанар, давуу чанарыг үлгэрлэн харуулсан цэргийн жинхэнэ удирдагч хүн байсан юм. Миний бүтээл бол баримтын цуглуулга биш сэтгэлийн цуглуулга" гэсэн юм.

М.Борбаатар генералын гэр бүлийнхнээс нь оюуны бүтээлийн нээлтэд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаад талархсанаа илэрхийлээд номын дээжээс гардуулан өгсөн юм.

Номын нээлтэд номын зохиогч, М.Борбаатар генералын хань, үр хүүхэд, хамтран зүтгэж байсан журмын нөхөд, цэрэг эрс нь оролцов.

Ж.Болор

Related news