Хүүхдүүд үе тэнгийнхнийхээ дарамтаас ангижрахад дэмжлэг үзүүлэх аян зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-01 22:31:36
Завхан/МОНЦАМЭ/.Завханы хүүхдийн оролцооны байгууллагуудын ээлжит уулзалт болж Улиастай сумын таван сургуулийн хүүхдүүд болон аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн 60 гаруй  идэвхтэн хүүхдүүд оролцож хүүхдүүдийн дунд тохиолддог зан харилцаа, хүмүүжил, ёс суртахууны талаар нээлттэй ярилцаж шийдвэр гаргажээ.
Энэ жилийн уулзалтын онцлог нь үе тэнгийнхний дарамтын  талаарх асуудалд хүүхдийн оролцооны байгууллагууд хэрхэн нөлөөлөх вэ? гэсэн сэдэв дээр голчлон ярилцаж  гарах арга зам, туршлагаа солилцжээ. Тодруулбал ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд явуулсан судалгаагаар үе тэнгийнхний дарамтад хүүхдүүдийн 78 хувь нь их бага хэмжээгээр орж байсан гэжээ. Мөн бага ангийнхны дунд нэгнийгээ өөлөх шоглох, дарамтлах үзэгдэл мэр сэр гардаг гэв. Уулзалтад оролцогч хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдээс үе тэнгийнхний дарамтыг ил болгох, нөхөрсгөөр сануулах ахин дарамт шахалтгүй найзууд болох, хүүхдүүд бие биедээ зөв үлгэр дадал олгохыг уриалжээ. Мөн сургууль бүр дээр нөхөрсөг уулзалтыг ахлах ангийнхны дунд явуулж найзаа нөхөрсөг харьцаанд сургая нэртэй аяныг 14 хоногийн хугацаатай явуулж дүгнэж урамшуулахаар болов. Мөн үеэр хүүхдүүд “Хүүхдийн оролцооны байгууллагуудыг чадавхжуулах, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх жижиг төсөл”-ийн уралдааныг зарлаж, түүний хэрэгжилтийн үр дүнгээр шилдгээ шалгаруулахаар боллоо. Сонирхуулахад аймгийн 24 сумын ерөнхий боловсролын сургууль дээр хүүхдийн оролцооны байгууллагуудыг 8-12 ангийн хүүхдүүд өөрсдөө удирдаж аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын чиглүүлэгч мэргэжилтнээр удирдуулан үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. 
Related news