14-29 насны иргэд гэмт хэрэг зөрчилд их холбогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 17:07:30

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга Н.Батбаяр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн өнөөгийн байдал, цаашид анхаарах арга хэмжээний тухай мэдээлэл өглөө.

Энэ үеэр  насанд хүрээгүй хүүхдээс үйлдэгдэж байгаа гэмт хэрэг урьд оны мөн үетэй харьцуулахад 42,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч 14-29 насны хүмүүс гэмт хэрэг зөрчилд холбогдох явдал их байгаад онцгой анхаарч хүүхэд залуучуудад гэр бүл, ажил сургууль, хамт олны зүгээс тавих хяналт, хүмүүжлийн шинжтэй арга хэмжээг оновчтой зохион байгуулах нь чухал байгааг онцоллоо.

Мөн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох зорилгоор улсын чанартай авто замууд дээр хяналтын пост байгуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын хяналт тавих, аймгийн төв Мөрөн сумын хяналтын камерын тоо хүчин чадлыг нэмэгдүүлэх орчны гэрэлтүүлгийг сайжруулах талаар аймаг орон нутгийн зүгээс анхаарч Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатайг анхааруулж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Related news