Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Итэй 4 дүгээр сарын 2-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцаа нь тус тусын гадаад бодлогод тэргүүлэх байр суурь эзэлдгийг санал нэгтэй тэмдэглэв.
Энэ онд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 25 жилийн ой тус тус тохиож буйг талууд онцлоод, ойн хүрээнд улс төр, худалдаа, соёл, хүмүүнлэг, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.
Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлалын бэлтгэлийг сайтар хангаж, хоёр талын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд талууд санал нэгдэв. Түүнчлэн хоёр талын худалдааны 2018 онд хүрсэн амжилтыг ахиулж шинэ түвшинд гаргах, чингэхдээ худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулахадд хамтарч ажиллах талаар санал солилцов.
Мөн хамтын ажиллагааны төслүүдийн явцын талаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих, гэр хорооллыг орон сууцжуулах, хөдөө аж ахуйн болон бусад салбарт хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхэд Хятадын талаас анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын хэрэглэгчдэд сурталчлах зорилгоор хоёр тал хамтран экспо, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, мөн Хятадад болдог олон улсын экспо, үзэсгэлэнд Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа Хятадын тал илэрхийлэв.
Монгол, Хятадын хилийн боомтын зэрэглэлийг дээшлүүлэх, шинээр төмөр замын боомт байгуулах, зарим боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах, боомт дээр үүсдэг хүндрэл, бэрхшээлийг бууруулах зэрэг асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоны зэрэгцээ Монгол, Хятад, Орос гурван талт хамтын ажиллагаа, тухайлбал, “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван талын, бодит хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байгаагаа талууд илэрхийлэв.
Хэлэлцээний үеэр, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар талууд санал солилцов.
А.Анхбаяр