Баруун халхчууд Ээвийн гол хүртэл нутаглаж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 14:29:20

Ховд аймаг олон үндэстэн ястантай аймаг, харин халхчууд амьдардаг эсэхийг олон хүн сонирхож асуудаг юм.

Халхчууд Ховд аймгийн Мөст, Буянт, Чандмань, Дарви, Цэцэг  суманд хэсэг бүлгээрээ буюу бөөнөөрөө оршин сууна. Тэднийг угсаатны зүйн хэллэгээр “баруун халхчууд” гэх бөгөөд нутгийнхны хэлээр “ээвэнхэн халх” хэмээнэ. Ээвэнхэн хэмээх нь баруун халхчууд Ээвийн гол хүртэл нутаглаж байснаас ийнхүү нэрлэжээ. 
Ойрадуудтай хил залгаа суух учир тэдний зан заншлын элементүүдийн тусгал нэлээд байдаг тул халх ойрадын дундын бэсрэг соёлтой. 
Дээр өгүүлсэн нутгийг Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хун тайж долоон хүүдээ өөрийн эзэмшил нутгийг хуваан өгөхдөө Саму бумад хувь өмч болгон өгчээ. Саму бумагийн орд өргөө нь одоогийн Дарви сумын нутаг Хөвхөрийн голд байсан.
Ховд аймгийн халхчууд бэсүд, жалайр, олхонуд, боржигон, сартуул зэрэг эртний сурвалжит овгуудаас гадна шинэчүүл, алаг адууныхан, галуут зэрэг үржвэр овгуудаас бүрдэнэ. Тэдний ёс заншил, хувцас, хэл аялагуу нь төв халхаас нэлээд ялгаатай төдийгүй халх, ойрадын дундын бэсрэг соёлтой.

Тэд хувьсгалын өмнө Засагт хан аймгийн Эрдэнэ бэйс, Дархан бэйлийн хошуунд харъяалагдаж байгаад 1925 оноос шинэ засаг захиргааны зохион байгуулалтанд шилжихэд Хантайшир уулын аймгийн Бүс хайрхан уул, Сутай уулын хошуунд тус тус харъяалагдаж байснаа 1931 онд Ховд аймаг байгуулагдахад Ховд аймгийн сум болж зохион байгуулагдсан нь  эдүгээ хүртэл хэвээр хадгалагдсаар байна.Энэ тухай Монгол Улсын гавьяат багш асан, угсаатны зүй судлаач  багш Б.Баасанхүү номондоо дурьдсан бий.

А.Бямбасүрэн
 

Related news