Энэтхэгт 368 ажлын байр зарлахад 2 сая гаруй хүн анкет бөглөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
amgalan@montsame.mn
2015-09-18 12:00:57

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар-Прадеш мужид төрийн доод шатны 368 ажлын байрны төлөө хэт олон хүн буюу 2.3 сая хүн анкет бөглөсөн гэж тус мужийн албаны хүмүүс мэдэгдлээ.

Эдгээр ажилд орохыг хүсэгчдэд бага сургууль төгссөн, унадаг дугуй унаж чаддаг байх зэрэг шаардлага тавьжээ.

Гэтэл их, дээд сургууль төгссөн, докторын зэрэгтэй хэдэн арван мянган хүн анкет бөглөсөн хүмүүсийн дунд байна.

Анкет бөглөсөн бүх хүнээс ярилцлага авахад дөрвөн жилийн хугацаа орно гэж албаны хүн хэлэв.

Сонгогдсон хүмүүс нь сард 16 мянган рупи буюу 240 долларын цалин авах аж.

Хэдэн арван сая хүн ажилгүй буй Уттар-Прадеш мужид ажилгүйдэл нь хамгийн тулгамдсан асуудал болжээ.

215 сая хүн амтай тус мужийн ажилгүй хүмүүсийн тоо 2017 он гэхэд 13.2 сая болох төлөвтэй байна.

1999 онд тус улсын Баруун Бенгал муж 281 ажлын байр зарлахад бараг нэг сая хүн анкет бөглөж байжээ.

Г.Доржханд

Related news
Comments