Б.Нацагдорж: Багшийг хөгжүүлэх загвартай болох нь нэн тэргүүний асуудал юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2019-05-06 15:25:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Багшийн хөгжил, сургалтын технологийн албаны багш судлал, багшийн хөгжил хариуцсан арга зүйч Б.Нацагдоржтой уулзаж, багшийн хөгжлийн талаар тодрууллаа.


-Багшийн хөгжил, багш мэргэжлийн тасралтгүй хөгжлийн асуудлыг хэрхэн ойлгох вэ?

-Багшийн хөгжлийн асуудал өөрөө их өргөн хүрээтэй ойлголт юм. Багшийн хөгжлийн асуудлыг ярихын өмнө багшийн мэргэжлийн хөгжлийн ойлголтыг тодруулах нь зүйтэй. Багшийн мэргэжлийн хөгжил хэмээх ойлголтыг судлаачид өөрсдийн байр сууринаас тайлбарлаж байгаа бөгөөд тэдний үзэл хандлага багшийн мэдлэг, чадвар, төлөвшил гэдэгт нэгдэх байдал ажиглагдаж байна.

Багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлаар өнөөдөр улс орнууд судалгаа шинжилгээний ажлыг  идэвхтэй хийж байна. Тухайлбал, Европын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага OECD өөрийн гишүүн орнуудаа хамруулан багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлыг судалж тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна. Манай улсын хувьд орчин цагийн боловсрол үүссэн цагаас эхлэн багшийн хөгжил тэр дундаа ЕБС-ийн багшийн хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлийг нийгмийн өөрчлөлттэй уялдуулан авч үзэж ирсэн. Үүний нэг жишээ нь Монгол Улс багш боловсролын хөгжлийн асуудлаа хуульчилж чадсан дэлхийн цөөн улсын нэг болсон. Тодруулж хэлбэл, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн манай улс бие даасан Багшийн хөгжлийг дэмжих хуультай болоод байна.


-Багш хүн хөгжихөд юу хамгийн чухал вэ?

-Багшийн хөгжил бол тухайн багшийн өөрийн хүсэл эрмэлзэл, идэвх оролцоо, эрэл хайгуулын үр дүн хэмээн судлаачийн хувьд үздэг. Мэдээж боловсролын бодлогын түвшинд багш нарыг хөгжүүлэх сургалт, олон талт үйл ажиллагааг зохих хэмжээнд гүйцэтгэж байгаа ч багш хөгжих хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол тухайн багшийн өөрийн идэвх, оролцоо юм. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулиар ч энэ асуудлыг тусган өгсөн.

Багшийн хөгжил өөрөө тасралтгүй байх учиртай. Боловсролын асуудал хариуцсан бүх шатны байгууллагууд энэ чиглэлд хүчээ нэгтгэж ажиллавал илүү үр дүн гарах юм. Судлаачдын чиг хандлагаас үзэхэд багшийг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр хөгжүүлэх асуудлыг чухалчилж байна. Мөн багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих олон арга замас суралцагчийн хөгжлийг тойрсон үр дүнтэйг сонгож багшийг хөгжүүлэх асуудлыг боловсролын чанараар тэргүүлж буй зарим улс орон  хэрэгжүүлж байна.


-Таны бодлоор хөгжсөн багш, сайн багш хэмээх ойлголт?

-Багшийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг дотоодын болон гадаадын судлаачдын үзэл хандлага, ангилал, багшийн хөгжлийн загварууд олон байдаг. Улс орон бүр өөрийн улсын онцлог, соёл иргэншил, боловсролын бодлогодоо нийцүүлэн багшийг хөгжүүлэх, багшийн хөгжлийн загварыг сонгон хэрэгжүүлж байгаа туршлага ажиглагдаж байна. Манай улсын хувьд судлаачид багшийн хөгжлийн асуудлыг зохих хэмжээнд судалж байгаа ч яг энэ загвараар хөгжүүлнэ гэсэн бодлогын зохицуулалт байдаггүй. Тиймээс бид багшийг хөгжүүлэх загвартай болох нь нэн тэргүүний асуудал юм.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт 2017 онд багш мэргэжлийн тасралтгүй хөгжих хэрэгцээ хэмээх судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Судалгааны зарим үр дүнгээс сонирхуулахад сайн багшийг нэгдүгээрт хүүхдэд хайртай, хоёрдугаарт заах арга зүй сайтай, гуравдугаарт ёс зүйтэй, удаад нь мэргэжлийн онол, арга зүйн мэдлэгтэй гэсэн байдлаар эрэмблэсэн байна.

Дээрх судалгааны үр дүнгээс харахад шинэ зууны түүчээ болж буй өнөө цагийн багш суралцагчдад шинжлэх ухааны мэдлэг олгохын зэрэгцээ тэднийг зөв бие хүн болж төлөвших, амьдрах ухаантай, хариуцлагатай иргэн болоход анхаарч ажиллахыг нийгэм биднээс илүү их шаардаж байгааг судалгааны үр дүн харуулж байна.


-Багшийн хөгжил, багш боловсролын талаар цаашид юу хийх хэрэгтэй хэмээн үзэж байна вэ?

-Ямар ч байсан багшийн хөгжил, багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлыг хариуцдаг байгууллага институтчилагдаж чадсан нь хамгийн том боломж хэмээн үздэг.

Бодлого, эрх зүйн хүрээнд багшийн хөгжил, мэргэжил дээшлүүлэх асуудлыг тусгаr байгаа ч “сургалт” гэсэн байдлаар бодлогын баримт бичигт тусгасан байдал давамгай байгааг цаашид анхаарах хэрэгтэй байна. Багш  нар өнөөдөр сургалтаас гадна багшийн хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагаанд ач холбогдол өгч хөгжих байдал ажиглагдаж байна. Тухайлбал, багш солилцоо хөтөлбөрт хамрагдах, судалгаа шинжилгээний ажлыг багаар хамтран гүйцэтгэх, үе тэнгийн багш нар харилцан арга туршлагаа хуваалцах замаар илүү хөгжих хүсэл эрмэлзэлтэй байна. Тиймээс багшийн хөгжил, мэргэжил дээшлүүлэлтийн асуудлыг сургалтаас гадна багшийн хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах нийгмийн хэрэгцээ шаардлага үгүйлэгдэж байна. 

Related news