С.Дондов: Хүний эрхийг хамгаалагч гэдэг албан тушаал биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-30 12:34:23

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-оос хүний эрхийн боловсролыг түгээхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хувь нэмэр чухал байгааг онцолж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр ХЭҮК-ын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов өөрийн хариуцсан сэдвээр мэдээлэл хийсэн юм.


Тэрбээр хүний эрхийг хамгаалагчид сэтгүүлчид, ХМХ ордог учраас тэдний эрх ашгийг хамгаалах, нийтийн мэдэх эрхийг хэрэгжүүлж сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь хүний эрхийг зөрчихгүй байх нь чухал. Мөн ХМХ-д учирч байгаа эрсдлийг үнэлж цаашид давтан гаргахгүй байхад түлхүү анхаарах ёстойг тодотгон хэллээ. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

-Таны хэлснээр манай улсад хүний эрхийг хамгаалагчийн талаарх хууль эрх зүй хангалттай байгаа нөхцөлд эрх хамгаалагчдыг олноор “төрүүлэх” шаардлага хэр хэрэгжиж байна вэ?

-Хүний эрхийг хамгаална гэдэг бол их өргөн агуулгатай хуульчилсан зүйл заалт. Хүний эрхийг хамгаалагчид иргэний нийгмийн байгууллагынхан, сайн дураар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдээс эхлээд сэтгүүлч гээд бүгд ордог Бусдаар энэ бол албан хүчээр бий болгодог зүйл биш. Хүний эрхийн хамгаалагч албан тушаал биш. Үүнийг үйл ажиллагаа, үйлдлээр тодорхойлдог. Тухайн хүн ямар асуудлыг гаргаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Түүнийг нь харин анхаарч, хэрэгжүүлэх нь чухал.

Хүний эрхийн хамгаалагч бол албан тушаал биш, харин хүний эрх хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, үйлдлээр нь хүний эрх хамгаалагчийг тодорхойлно. Энэ үйлдэл нь хүчирхийллийн бус аргаар буюу тайван замаар хийгдэж байж хүний эрхийн хамгаалагч болдог.



Монгол Улс нь 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлснээр Ази тивд  анхны улс болсон. Одоогоор дэлхийн 13 улс тухайн хуулийг батлан хэрэгжүүлж байгаа бол 32 улс батлуулахаар ажиллаж байна.


-УИХ-ын гишүүд хүний эрхийг зөрчиж буй үйлдэлд шууд хариуцлага хүлээлгэн, арга хэмжээ авдаг байх ёстой, ийм тогтолцоо нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн байсан. Энэ талаар тодруулна уу?

-ХЭҮК хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдлыг хүлээн авч бүртгэн холбогдох материалыг цуглуулах, эрсдлийг үнэлэх зэрэг ажлыг хийдэг. Ингэж байж дүгнэлт гарган дүгнэлтдээ тулгуурлан холбогдох байгууллагад зөвлөмж, шаардлага хүргүүлдэг.  Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ирснээр холбогдох байгууллагууд ХЭҮК-ын гишүүдээс тавьж буй зөвлөмж, шаардлагыг заавал хэрэгжүүлэх заалттай болсон. Үүнийг хянаж хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд тухайн албан тушаалтанд ажлаас нь халах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл хариуцлага тооцдог, хууль эрх зүйтэй.

ХЭҮК-ын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажилладаг. Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн даргалан ажилладаг. Хороо байгуулагдсан цагаасаа хойш 180 орчим гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлээд байна. ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн 23 зөвлөмж гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хяналт тавин ажиллаж байна гэв. 

Related news