ЕХ-ны удирдагчид дүрвэгчдийн хямралыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-18 13:52:15

БРЮССЕЛЬ. /ВВС/. Сири болон бусад улсаас цагаачид, дүрвэгчид олноороо цувж байгааг хэрхэн зогсоох арга замыг Европын Холбооны /ЕХ/ удирдагчид ирэх долоо хоногт уулзан хэлэлцэнэ.

Гишүүн улсуудын дотоод хэргийн сайд нарын уулзалтын дараа энэ сарын 23-нд ЕХ ээлжит бус дээд хэмжээний уулзалт хийхээр шийджээ.

160 мянган цагаач, тэдний дотор дүрвэгчдээс улс бүрт тодорхой хэмжээгээр тараан суурьшуулах төлөвлөгөөг ЕХ-ны дотоод хэргийн сайд нар энэ долоо хоногийн эхээр хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Чех болон Словакийн төлөөлөгчид уг төлөвлөгөөг эсэргүүцсэн билээ. Тэд, “160 мянган цагаачийг бүгдийг нь хүлээж авсан ч цагаачид цувах нь зогсохгүй. Харин ч илүү олон цагаач болон дүрвэгч ирнэ” гэсэн юм.

Герман цагаачдыг хүлээж авахад бэлэн байна. Гэхдээ хүмүүс хэт олноороо очиж байгаатай холбоотойгоор тус хилийн хяналтаа түр чангатгаад байгаа билээ.

Г.Доржханд

 

 

Related news
Comments