Харвардын их сургууль чинээлэг төгсөгчдийн тоогоор дэлхийд тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-01 17:50:26

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Массачусетс муж улсын Харвардын их сургууль хөрөнгийнх нь хэмжээ нь 30 сая ам.доллароос давсан төгсөгчдийнхөө тоогоор дэлхийд тэргүүллээ гэж олон улсын судалгааны “Wealth-X” байгууллага мэдээлжээ.


1636 онд байгуулагдсан Америкийн хамгийн эртний их сургуулийн төгсөгчдийн 1830 нь хэт чинээлэг хүмүүсийн ангилалд /UHNW - Ultra High Net Worth/ багтжээ. Тэдний хөрөнгийг нийлүүлбэл 1.9 их наяд ам.доллароор үнэлэгдсэн байна. “Wealth-X” байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хөрөнгийнх нь нийт хэмжээ 4.8 их наяд ам.доллароос давсан 13 650 хүн Харвардын их сургуулийг  төгсжээ.


Хэт чинээлэг төгсөгчдөөрөө бахархаж болохоор 20 их дээд сургуулийн 17 нь АНУ-ын их сургуулиуд ажээ. Харвардын их сургуулийн дараагаар эхний гуравт Калифорнийн Стэнфордын их сургууль болон Пенсильванийн их сургууль оржээ. Стэнфордын их сургуулийг төгсөгчдийн 775 нь “UHNW” ангилалд багтсан бөгөөд тэдний нийт хөрөнгийнх нь хэмжээ 1.1 их наяд ам.доллароор үнэлэгдсэн байна. Тэгвэл Пенсильванийн их сургуулийг дүүргэсэн 744 төгсөгч “UHNW” ангилалд багтсан ба тэд нийтдээ 731 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгөтэй ажээ.


Кембрижийн их сургууль эхний аравт багтаж, долдугаар байрт орсон байна. Тус их сургуулийн чинээлэг төгсөгчдийн тоо 259 бөгөөд нийт хөрөнгийнх нь хэмжээ нь 115 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Үүний зэрэгцээ Оксфордын их сургууль /нийтдээ 120 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй 218 төгсөгчтэй/, Францын нэр хүндтэй бизнес сургууль болох “INSEAD” /нийтдээ 107 тэрбум ам.долларын хөрөнгөтэй 174 төгсөгчтэй/ тус тус 13, 19 дүгээрт бичигджээ.


Related news