Хуучны орон сууцыг дулаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-06 13:29:31

Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Мандалговь хотын хуучны орон сууцнуудыг дулаалж, гадна засварыг хийж эхэлнэ. Эхний удаад 1980- аад оны эхээр ашиглалтад орсон 9,13 дугаар байрыг дулаалж засварлана. Үүнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 130 сая, Сайнцагаан сумын Орон нутгийн  хөгжлийн сангаас 100 сая төгрөг зарцуулахаар болжээ.

Эдгээр орон сууцанд 84 өрх оршин суудаг. Орон сууцны гадна фасадыг засварлах дээрхи хөрөнгөн дээр оршин суугч өрх бүр 200 мянган төгрөг нэмэрлэнэ.  Түүгээр ногоон байгууламж бий болгож, хүүхдийн тоглоомын талбайг засах юм байна.

Орон сууцны засвар хийх гэж байгаатай холбогдуулан оршин суугчид СӨХ байгуулсан бөгөөд СӨХ- ийн удирдах зөвлөлд орц бүрээс нэг төлөөлөл буюу 8 хүнийг сонгосон байна. СӨХ орон сууцны дулаалга засварт эхнээс нь дуустал хяналт тавьж ажиллана. Цаашид ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ажээ.

Анх баригдаж ашиглалтад орсон үеэс хойш засвар хийгээгүй арав гаруй орон сууц Мандалговьд хотод бий. Тэдгээрийн анхных нь 1960 оны эхээр, сүүлийнх нь 1987 онд ашиглалтад орсон байдаг. Орон сууцнуудыг дулаалж засварлахад тус бүр 50- 100 гаруй сая төгрөг шаардагдахаар зураг төсөл хийгдсэн бөгөөд ойрын жилд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүх орон сууцыг ээлж дараатай дулаалж засахаар төлөвлөж байна.

Орон сууцны гадна засварын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендэрийг энэ долоо хоногт зарлах ажээ.

Т. Отгонтуяа

Related news