10 хувийн хүүтэй зээлийг 20-иод малчинд олгоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 15:29:24

Малчин зээлийн хүүг 10 хувь болгон бууруулах шийдвэр гарсан. Сүхбаатар аймгийн Төрийн банк гэхэд энэ оны 3-р сарын 15-наас хойш 20-иод малчинд 300 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгожээ.

Монголын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүг бууруулахаар болж малчны зээлийн хүүг жилийн 10 хувь, сарын 0.8 хувь болгосон. Энэхүү 10 хувийн хүүтэй зээл бол тусгай зориулалтаар олгож байгаа юм. Тиймээс тавигдах 3 үндсэн шаардлага бий. Малаа туулга вакцинжуулалтанд тогтмол хамруулсан байх, малчид нийгмийн даатгал заавал төлдөг байх ёстой. Мөн Төрийн банкинд харилцах данстай байх гэсэн шаардлагыг тавьж байна. Малчид дээрх шаардлагуудыг хүндээр ойлгох явдал үүсч байгааг Төрийн банкны харилцагчийн ахлах менежер Т.Ихбаяр хэлж байна. Уг нь Нийгмийн даатгалтай гэрээгээ хийгээд ирэхэд болно. Заавал 6 сар түүнээс дээш хугацаагаар шимтгэл төлсөн байх ёстой гэсэн хатуу шаардлага тавихгүй байгаа гэдгийг мөн хэллээ.

10 хувийн хүүтэй малчин зээлийн дээд хэмжээ 5 сая төгрөг. Харин 10 хүртэлх сая төгрөгийн зээл хэрэгтэй гэвэл үлдсэн 5 саяд нь 18 хувийн хүүтэй давхар зээл авч болно. Мэдээж малын тоо толгойноос хамаарна. Малчин зээлийг малаа маллаж буй малчинд л өгдөг байсан. Тэгвэл энэ үеэс эхлээд мал бүхий иргэнд мөн малчин зээл олгохоор болжээ.

Т. Одончимэг

Related news