VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-11-04 12:36:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд тэмдэглэлээ.


Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын удирдагч VIII Богд Жавзандамба хутагтын Монголын түүхэнд гүйцэтгэсэн баларшгүй гавьяаг мөнхжүүлэх зорилгоор энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагааг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, БСШУСЯ, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулав.


Монгол Улсын эзэн хаан, шашин төрийг хослон баригч VIII Богд Жавзандамба хутагт 1874 онд Их Хүрээнд ирснээс хойш 1924 онд таалал төгсөх хүртлээ Монголын шашин соёл, төрд гарамгай зүтгэсэн дээд хутагт байв. Богд гэгээний  Их Хүрээний дэг дэглэмийг сайжруулахыг хичээн, жаяг дэглэм зохиож, Шаддүвлин хийдийн жаягийг бичсэн байна. Өндөр гэгээн, Бурхан багш, Богд Зонхова, Өндөр Жанрайсиг тэргүүтэн бурхан шүтээнээ бүтээж, Шэйравпэлжэйлин ордон, Идгаачойнзинлин дацан, Дандарлингийн аймаг, Их дагинын аймаг, Чойжин сахиусны сүм тэргүүтнийг бүтээн байгуулжээ.

Дээрхийн гэгээнтэн VIII Богд хутагт бээр төвөд хэлээр нэг боть сүмбүм туурвисан бөгөөд монгол хэлээр хүмүүний ёс суртахууны доголдлыг засах, бие биенээ хүндэтгэн дээдлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, мөрийтэй тоглоом, архи тамхи тэргүүтэн хорт идээг цээрлэх тухай айлдвар сургаал, зарлиг лүндэн зэрэг нь ард түмний дунд өргөн дэлгэрсэн юм.


Ёслолыг нээж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц айлдвар айлдлаа.


Тэрбээр, “Төр, шашныг хослон барьсан VIII Богд Жавзандамба хутагтын дэмжлэггүйгээр өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнолыг төсөөлөх боломжгүйг түүх, архивын сурвалж, судалгаа гэрчилдэг. Хэдийгээр Монгол Улс ардчилсан төртэй улс болсон ч эдүгээ улс орны тусгаар тогтнолын илэрхийлэл болсон үндэсний тэмдэглэлт баяр, наадмын өдрөөр үзэл сурталжсан нийгмийн захиалгаар бүтээсэн үндэсний чөлөөлөх хөдөлгөөний эцэг, манлайлагч, бид бүгдийн шүтээн, бахархал болсон VIII Богд Жавзандамба хутагтын намтар, зохиол үйлс, алдар, гавьяаг нь гутаасан агуулга, хэлбэртэй уран сайхны кинонуудыг гаргасаар байгаа нь эмгэнэлтэй. Түүний түүхэн гавьяаг мөнхжүүлэх, намтар, түүхэн замналыг ард олонд таниулахад нийгмийн хөгжлийг хойш татсан, түүхийг зориуд мушгин гуйвуулсан эдгээр кино саад болж байгааг одоо төр засаг анхаарах цаг нь болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан нь цаг үеэ олсон, түүхэн ач холбогдолтой үйл хэрэг болсныг дурдаад энэ зарлигийг хүлээн авч хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлж байна” хэмээв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин соёлын зөвлөх Ц.Хулан хэлэхдээ, “Богд Жавзандамба хутагт Монголын ард түмний сүсэг бишрэлийн оройн дээд бодгаль лам бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган өргөөнд өнөөдөр түүний шүтээн хөргийг ёслол төгөлдөр залж байгаа нь Монголын шашин соёлын зүтгэлтнүүд болон энгийн сүсэгтнүүдийн ой дурсамжид ямархан их хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг бэлхнээ харуулж байна. Энэ нь эрхэм дээд Богд хаан нэгэн төрөл насны аж амьдралаа Монгол Улсын төр, шашны төлөө зориулан зүтгэж явсны тод илэрхийлэл юм. Их хаадын эзэрхэг хүчирхэг үеэс хойш эрч нь суларсан дээс шиг алгуурхан саарч хүчгүйдэн тамирдаж харийн дарлалд орсон Монгол Улсыг тэргүүлэх амаргүй хувь заяаг тэрбээр нэгэн биеэр үүрсэн. Гэсэн хэдий ч түүнд эгзэгтэй чухал үед Монгол Улс ард түмнээ эрх чөлөөтэй, амар жаргалантай тусгаар улс болохыг сэтгэл зовниж харьяат улсаа товхинуулсан ач гавьяаг өнөөдөр бахархан дурсаж байна. Дурсаж тэмдэглээд өнгөрөх биш, Монгол Улсын төр засаг, ард иргэд ирээдүйдээ түүхэн үнэт сургамжийг энэхүү түүхэн ойноос авч үлдэж байна” гэв.

Энэ үеэр лам нар сүсэгтэн олонд Богд Жэвзүндамба хутагтуудын дончод хурал хурсан юм.

VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаа үзэсгэлэнгийн нээлт, "VIII Богд Жавзандамба хутагтын шашин номын үйл хэрэг" эрдэм шинжилгээний бага хурлаар үргэлжилж баярын хурал, хүндэтгэлийн концерт УДБЭТ-ын тайзнаа болно.


Related news