Иран МАГАТЭ-д дээж өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-22 10:13:43

ТЕГЕРАН. /ВВС/. Тегеран цөмийн зэвсэг хийхээр оролдсон эсэхийг үнэлж тогтооход ашиглуулахаар иранчууд цөмийн цогцолбороосоо дээж авч, манай байгууллагад өгсөн гэж НҮБ-ын цөмийн зэвсэгт хяналт тавих байгууллагын тэргүүн мэдэгдлээ.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-гийн тэргүүн Юкия Амано өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Ираны Парчины цөмийн цогцолборт зочилсон юм. Тус байгууламжид Ираны албаны хүмүүс цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр туршилт хийж байгаа гэж Барууны улсууд сэжиглэж байгаа билээ.

Амано өчигдөр мэдэгдэл хийхдээ, “Энэ байгууламжид очсон нь Ираны цөмийн үйл ажиллагааг мөрдөн шалгах ажилд чухал ахиц гарч байгаагийн илрэл юм” гэжээ.

Түүнийг цөмийн цогцолборт очихоос өмнө иранчууд дээж авч өгснийг тэрбээр дэлгэсэн юм.

Цөмийн цогцолбороос авсан дээжид дүн шинжилгээ хийж, Ираны албаны хүмүүстэй хэлэлцээ хийснийхээ дараа МАГАТЭ Иран цөмийн зэвсэг хийхээр оролдсон эсэх талаарх тайланг энэ оны 12 дугаар сарын 15 гэхэд гаргах ажээ.

Г.Доржханд

Related news
Comments